өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Өвдөг чинь шороотой байна, Нямбаатар аа, өнөө эмнэлгээ Бадар-Ууганаас авъя аа !

За их олон асуудал тодорхой болж байна даа. Монголын Боксын холбоо Бадар-Ууган гэдэг феодалтай болсон юм байна, Нямбаатар гэдэг намираатай болчихлоо. Бадар-Ууган "Өөжин мед" гэх эмнэлгээ Олимпийн хорооны мэдэлд байдаг Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийн байранд байрлуулаад удаж байгаа. "Өөжин мед" Бадар-Ууганых, харин Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийн байр хэнийх болох нь тодорхойгүй. Өөрөө худалдаж авсан гэсэн мэдэгдэл хийсэн боловч ямар нэгэн баримт үзүүлсэнгүй. За худалдаж авсан байлаа гэж бодоход МОХ-ны мэдэлд байдаг энэ эмнэлгийг хэн мэдэж, хэрхэн энэ хүнд, хэдэн тэрбум төгрөгөөр өгөв гэдэг асуулт гарч ирнэ. Тэр хүнд тийм эрх байсан уу? Монгол Улс олимпт тамирчдаа бэлтгэн илгээж, бэртэл гэмтлийг нь сэргээн засч, медал авсан тамирчиндаа сард 5-8 сая төгрөг өгч, өөрөөр хэлбэл тамирчдынхаа төлөө тамир хүрэх төвшинд тодорхой алхмууд хийсээр ирсэн.

Гэтэл нөгөө эмнэлэг алга болчихсон. Эмнэлгийн байрыг худалдаж авсан гээд байгаа Бадар-Ууган нь Олимпийн хороо, Боксын холбоонд шимэгч шиг зүүгдээд байдгийн шалтгаан энэ таван давхар байшин болж таарлаа. Энэ залууг Н.Энхбаярын эрх хатантай хамаатан садан болдог гэлцдэг. Хөөрхий манай Хууль зүйн сайд Нямбаатар яахав, нэг ч гэсэн сэтэр, нэмэр ч гэсэн холбоо гээд Боксын холбооны ерөнхийлөгч болоотохсон чинь Бадар-Ууганы тарьсан балаг дээр балчир хүүхэд шиг тээглээд уначихлаа. Тэгээд өнөө хоёр чинь өвөртөө үгсэж аваад нөгөө муу Цэндбаатараар уучлал гуйлгаж жүжиглэлээ. Цэндбаатарт ч уусан идсэн, татсан танхайрсан гээд хэрэг мундсангүй. Үүний цаана барьцаа, шантаажны асуудал бас босч ирлээ. Цэндбаатарын залуу насны ааг омог, алдааг Бадар-Ууган Нямбаатартайгаа базаж атгачихаад, дарамталж, далайлгаж, хүссэнээ яриулж, хүчинд автуулж байж болзошгүйг Монгол даяараа харлаа. Ганцхан Цэндбаатар ч биш, олон олон тамирчныг ингэж хэрэгт хутгаж, хэргээр нь буцаан шантаажилж ирсэн болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Ийм л холбоотой Нямбаатар хэний ч юм хатгаасаар очоод нэр холбогдчихож.

Нэдэр дээрээ Бадар-Ууганы ямар нэгэн аргаар олж авсан Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийн байрны асуудал л ард нь байсан байна. Тэгэхээр энэ байшин савны асуудал шийдэгдтэл Бадар-Ууган эл холбооноос өвгөн болсон ч явахгүй нь. Өөр олон Цэндбаатарыг дарамталж, далайлгаж, Олимпийн хороог, Боксын холбоотой нь олзлоод хэвтээд байх бололтой хүн юм. Энэ тохиолдолд яах вэ? Эхлээд асуудлаа шийдье. Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгээ буцааж авъя аа. Тэр чинь Монголын ард түмний, Монгол төрийн хөрөнгө. Олимпийн хороо гаднын санхүүжилтээр барьсан байсан ч Монгол гэсэн нэр, нүүрээр орж ирсэн өв. Зүгээр гүйж явахад нь Загдсүрэн, Бадар-Ууган хоёрт л лав хэн ч өгөхгүй. Алив юм хатуудаа хатуу, нэгэн цагт энэ байшин Бадар-Ууганы хүүхдүүдийн чихийг халууцуулаад ингээд данхайж л байх болно. Эхлээд байшингаа шийдье, тэгээд дараа нь тамирчныхаа эрхийн тухай ярихгүй бол яр нэгэнт идээлж, ямба нэгэнт ихэджээ. Нөгөө Цэндбаатар бол зангираад зангираад уруул эвдрэхээс өөр яалтай. Засраад засраад бэлтгэл хангагч хийхээс өөр хаачилтай? Нөхөөстэй зам дээр байшин тэврээд нам тээглэж, таг гацсан Бадар-Ууганаа харин яах вэ? Энэ холбоо, тэр байшин хоёроо Олимпийн аварга овгор бацаанд бүр өгөөд, тамирчдаа хөөгөөд явуулаад байх юм уу? Эсвэл эртхэн учраа олох уу? За Нямбаатар аа, том юманд зорьж яваа хүн том наймаагаа сахиад хэвтчихсэн Бадар-Ууганд ингэж бүдрэхгүй шүү. Өвдөг чинь шороотой байна.

Өнөө зодсон, зодуулсан асуудал одоо Цэндбаатар, Бадар-Ууган та гурваас аль эрт хэтрээд талийсан, та гурвын мэддэг хэрэг ч биш болсон. Эхлээд хүн нам цохиж унагаачихаад хөндөлсөөд байдаг Идэрбат, Мөнхчулуун нар нь уучлал гуйг, дараа нь Боксын холбооны ерөнхийлөгч Нямбаатар та үгсэн хуйвалдагчдын үгээр үлбийгээд байх явдалгүй, энэ Бадар-Ууганаас тэр Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийг буцаан авч өгнө үү. Аудит оруул, ардын хүүхдүүд дэвжээн дээр алдсан эрүүл мэндээ нөхөж авмаар байна. Тэгэхгүй бол Нямбаатар Бадар-Ууган хоёр гэж тамирчдаа хаяад, байшин тэвэрсэн мануухай энэ их спортод хэрэггүй за, Цэндбаатар нь илүү хэрэгтэй байгаа юм аа.

Дэлхийд эрэмбээрээ тавд жагсдаг, дэвжээн дээр зүрх зоригоо зөрөлдүүлэн гарч ирдэг ид 24-тэй залууг нулимсыг нь нударгаар арчиж байгаад, ингээд номхотгож чаддаг юм байна, харлаа, үзлээ. Харин одоо Монголын тамирчид нөхөн сэргээх эмнэлгээ авъя аа. Бадар-Ууганы төлсөн гээд байгаа мөнгө үнэн бол аудит оруулж шалгаад тэр мөнгийг нь буцааж өгье, холбоо эмнэлэг хоёртойгоо л үлдье, яршиг зүгээр. Бадар-Ууган нь нэг мөр бизнесээ хөөх хэрэгтэй. Шударга бусаар тэр таван давхар байшинг энэ хүн олж авсан юм бол шулуухан буцааж өгөх нь дээр. Олимпийн хороонд эмнэлэг нь хэрэгтэй. Үүний учрыг олж өгөөрэй, түрүүчийн улстөрчдийн тарьсан түрийгээр татсан шавхайд ингэж ойчоод юүхэв, хүү минь! Нэрэнд чинь бузар, нэмнээнд чинь хачир за. За тэгээд нэгэнт ерөнхийлөгч нь болж, ерөндөг барьсан юм чинь Монголын боксын холбоог нохойд барьдаг моднуудаас нь салгаж, спортын мэргэжлийн менежерүүдэд атгуулж амь аварна уу...

ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • бАЯРСАЙХАН (172.69.252.148)
    ЯГ ҮНЭН ЭНЭ ЭМҮЖИН ҮНЭНИЙГ БИЧЛЭЭ ЭМНЭЛГЭЭ АВЬЯ ДАА БАДАРУУГААН АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ЭМНЭЛЭГЧИНЬ ЧАМД ХЭРЭГТЭЙ ТАМИРЧДАД НӨХӨН СЭРГЭЭХ ЭЭМНЭЛЭГ ХЭРЭГТЭЙ
    2021 оны 09 сарын 15 | Хариулах
  • Иргэн (172.69.45.138)
    Эмүүжинд баярлалаа. Тэр том ах нар хүн зодоод гэм зэмгүй. Харин зодуулсан нь хохироодболоо юу. Улсын шилдэг тамирчны ёс зүй алдсан буруугаа хохирогч хүлээж уйчлалт гуйгаад ч нэмэргүй юу. Жаахан жудагтайхан байвал боксын холбоо дээрсэн.
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
    • бАЯРСАЙХАН(172.69.252.132)
      ЯГ ҮНЭН ЭНЭ ЭМҮЖИН ҮНЭНИЙГ БИЧЛЭЭ ЭМНЭЛГЭЭ АВЬЯ ДАА БАДАРУУГААН АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ЭМНЭЛЭГЧИНЬ ЧАМД ХЭРЭГТЭЙ ТАМИРЧДАД НӨХӨН СЭРГЭЭХ ЭЭМНЭЛЭГ ХЭРЭГТЭЙ
      2021 оны 09 сарын 14
Top