өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Залуу жүжигчдээ замаас холдуулна уу...

Эрх баригч энэ нам яахын аргагүй ямбатай, ялархуу, шуналтай, шуургатай нэгэн үеийнхнийг Монголын төрд авчирлаа даа. Даварсаар даварсаар даруулгагүй болчихсон, сайд болж сандал бөглөж үзсэн саад төдий хэдэн залуугаа одоо яах юм бол доо. Түүхэн кино хийж байна гээд 2.3 тэрбумыг яаж ийгээд босгуулаад авчихна. Гэр бүлийн хүнээ зодно. Хариуцаж байсан цагдааг мэдээлэл задруулсан гээд эргүүлээд шалгуулаад байцаалгачихна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Тавантолгойгоос хэдэн арван тонн нүүрс ганц шөнө бултуулаад зарчихна. Энэ мэтийн нэгэн үеийнхний нэр нүүрийг шавартай хутгасан улстөрч нэртэй зам зуурын нөхөөснүүд гай болохоор зай болоод өгмөөр байна. Эрх мэдэлтнүүд нь ч давруулаад байлгүй даравч болмоор байна.

Одоо тэгсэн бас нэг гудамжны зангаа барьж дийлдэггүй гурай гишүүнтэй болсон. Парламентийн танхимд Фитиша гээд орилчихно, лообийдоод хэдэн тэрбумыг Хөгжлийн банкнаас зээлчихнэ. Тойргийнхон нь Фитиша гээд хоч өгчихсөн байна билээ. Нөгөө зарим нь хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний гол дүр, гох дэгээ болоод хэвтчихнэ, бас нэг нь балиар эро сахал үсээрээ бялуу чимэх багадаад, нүд ичээж нүгэл хураана. Тэгж байтал хотын бөглөрөлийг бууруулах гээд их гүрнүүдтэй үзэлцдэг нэг нөхөртэй болсон. Дампуурах шахсан банкаа өөд нь татах гэж нийслэлийн удирдлага болсон гэх энэ хүн бас их хэцүү. Дүү нь болох их аварга хоёр өдөр ЭМЯ-ны мэдээлэл хөтөлсөн чинь халдвар буураад хачин сайхан болж байгаа юм гэсэн. Ах дүүсээрээ аймшигтай төөрч, арай л элэглэж, өөрийн гэрийнхээ өрхөөр өргөн олныг хэмжиж байгаа юм шүү.

Ерөнхий сайд гэж наадмын 10 тэрбумаа нам дамнасан РR-чин ахдаа үлдээх, үгүйг л ярьдаг, хэлэлцдэг болсон хүн байна. Ямар ч соёлын төлөвшил, суурьгүй. Тэр соёлын суурь гэдэг чинь сумын намын байранд харуул манаа хийгээд төлөвшчихдөг ч юм биш гэдгийг харин бардам хэлчихье. Мааш олон жил уншиж, амьсгалж, судалж, сонирхож байж тархи оюун, таван мэдрэхүйд баригддаг эд дээ. Хэнтийд овоолж байгаа хэдэн тэрбум төгрөг, хэдэн сая долларын үнэтэй шаврыг нь хараад алгаа ташаад, алиалагч шиг дэвхцэх ёстой юм гэнэлээ. Үндэсний санаа нь сайхан ч соёлын хөрсгүй юм болохоороо сохор номин шиг л зүтгээд байгаа шүү. Соёлын сайд гэж бас нэг  мөнгө л ярьдаг эмэгтэй. Шоу нэвтрүүлэг импортлох, соёлын бодлого барих хоёр их өөр л дөө, үүнийгээ ялгаж мэдэж байгаа юу? Ерөөсөө энэ Монголын төрийг ах дүүс, аав охин Сумъяа, Аса, Оюук, Хэро, Номин түүний аав нар л барьдаг болчихсон юм биш үү? Орохгүй салбар, оршуулахгүй бодлого ч гэж алга. Өө тэгээд цадахаа мэдэхгүй, хэхрэхээ ойлгохгүй.

Залуу гишүүдийнх нь өсөхийн өлөн энэ намыг татан унагааж, тараан хаяхад ойрхон болжээ. Нам ч яахав, тардаг бутардаг юм байгаа биз. Угаасаа цаашдаа Монголын улс төр нэг намын нэмнээ байхаас өнгөрсөн, өөрчлөлт ирж байгаа нь л үнэн юм даг. Олонхоороо түрээд хийчихэж болмоор олигтой хэдэн хуулийн тулгуур өөрчлөлтөд нь л найдаж хэн хүнгүй энэ удаадаа дэмжсэн боллоо. Тогтвортой төр мөрөөдөж, тооно тэгшлэх гэж олон аравнаар зүдэрсэн түмэн ч саналаа харамгүй өглөө. Нам нь бодлогын өөрчлөлтүүд хийчих гээд олонхдоо найдаад зүтгээд байдаг, нам дагаж хөлжсөн энэ хэдийнх нь байж байгааг хар. Хоол нь ихдээд хорлодог болж дээ. Төрийн өндөр сэнтийд хүч тавин гаргасан, хөдөлмөрлөж мэдэхгүй хүүхэлдэйн намтартай, амьдрал мэдэхгүй ангаахай түүхтэй энэ хэдэн залуугаа эрх баригч нам хүмүүжүүлж чаддаггүй юм бол түмний замаас, төрийн замналаас зайлуулаасай.

НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Намын нөхөр. (59.153.86.101)
    Нүгэл гэм. Намынхаа найзыг чи яах гэж булхайг нь дэлгэв. Чиний тэр хархүү Раднаасэд бас л бузар гар даа. Дэлгээч!
    2021 оны 06 сарын 26 | Хариулах
  • Nam Zasagtaa talarhii (202.21.107.65)
    Aguu ih Ardiin Namiin gishuudiig muulj bolohgui shuu.ted mongolchuudiig tejeeseer irsen tejeej ch bna.tejeeseer bh bolno.Nam gedeg 1rt bh estoi.1 NAMiin sistemd shiljih estoi.bid nam bus Adriin Namaa demseer bh bolno.Oron buhnii proletari nar negdegtun!!!!!
    2021 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (94.1.123.116)
    Шинэ намын дарга нь намаасаа хеегед егех байлгуйдээ?!
    2021 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.16.215)
    Ээ чааваас ийм амьтнаар удирдуулдаг бид өөрсдөө тэнэг мангуу
    2021 оны 06 сарын 24 | Хариулах
Top