өдөр
шөнө
×

Нэр дэвшигч У.Хүрэлсүх хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэх ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.04/ Архангай аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Нэр дэвшигч  уулзалтын эхэнд “Аймаг бүрд жишиг бүтээн байгуулалт хийхдээ эдийн засгийн нөөц, ажлын байртай болгох, ард иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг олон талаас нь харж, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан, чиглүүлж ажиллах асуудлыг Засгийн газарт чиглэл болгож ажиллана. Архангай аймагт л гэхэд боловсруулах үйлдвэр байгуулснаар аймгийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бэлчээрийн доройтол цөлжилттэй тэмцэх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ. Мөн Орхон голын эхэнд олгосон хууль бус ашигт малтмалын лицензүүдийг цуцалсан. Энэ чиглэлийн ажлуудыг  цааш нь үргэлжлүүлэн хийж, гол мөрөн уул усаа хамгаалах ажлыг та бид хамтдаа хийх ёстой” хэмээн онцоллоо. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэх ажлыг үргэлжлүүлэхээ хэлж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт  938 тусгай зөвшөөрлийг цуцалснаа мэдээлэв.

Архангай аймгийн малчдын хувьд мал аж ахуйн бүтээгдэхүүн үнэ хүрэхгүй байна. Тиймээс арьс шир, ноос, ноолуур, малын сүү сүүн бүтээгдэхүүн, байгалийн жимс, жимсгэнэ боловсруулдаг хөнгөн үйлдвэртэй болчихвол хөгжил ойрхон байгааг хэлж байв.  Энэ бүхнийг харин Засгийн газрын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр болох “Алсын хараа 2050”-д тусгаж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлж байв.  Мөн Архангай аймаг байгалийн баялгийн арвин нөөцтэйн хувьд баялгаа зүй зохистой ашиглаж, баялагтаа эзэн байхыг хүсэж байгаагаа хэлэв.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт “Бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хөнгөн, хүнсний үйлдвэр, уул уурхайн боловсруулах хүнд аж үйлдвэрүүдийг дэмжинэ. Баруун, хангайн, төвийн, зүүн бүс бүрд үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр ложистикийн төв бүхий үндэсний кластерууд байгуулах, чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээр хот суурин газрын хэрэглэгчдийг хангах, хотын бүтээгдэхүүнийг хямд үнээр орон нутагт шуурхай, чанартай хүргэх онлайн худалдааг дэмжиж ажиллана” гэх зэргээр  орон нутгийн хөгжлийг дэмжих олон чухал  заалтыг  тусгасан юм.

Монгол Ардын Намын сонгуулийн штаб

Top