Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 оны намар УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы (тухайн үед хотын даргаар ажиллаж байсан) төрсөн ах С.Уламбаярын эзэмшлийн “Зүүнбаян рефайнери” гэх компани хууль бус үйл ажиллагаа явуулж Туулын бургасыг туушиндаж хядсан тухай дуулиан дэгдэж байлаа.
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын яриа баталдаг. Тэрээр энэ талаар “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн тусгай зөвшөөрөл аль эрт цуцлагдсан ч газар шорооны ажлаа үргэлжлүүлж байсан. Өмнөх сайд Д.Оюунхоролын үед тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Миний үед дахиж олгоогүй" хэмээн ярьсан байдаг аж.
Тус компанитай холбоотой шүүмжлэл дэгдэж эхэлсэн тэр үед БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт явуулж “Зүүнбаян Рефайнери” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж 5.6 га талбайд 14 мянган бургас устгагдсан болохыг тогтоон, байгаль орчинд учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг 3 тэрбум төгрөг гэж тооцжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар энэхүү мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлж тооцох учиртай байдаг тул 9.2 тэрбум төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан гэж үзсэн байна.
С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын мэдлийн “Зүүнбаян рефайнери” ХХК нь 2008 оны наймдугаар сарын 22-нд Богд хан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд нийтдээ 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан хэдий ч Туулын бургасыг хядаж байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан тул 2014 онд 6 сая 560 мянга, 2016 онд 12 сая төгрөгийн торгуулийг тус тус төлж байжээ.
Харин 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг нь цуцалжээ.
Уг компанийн ард С.Амарсайхан байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлж байсан удаатай. Энэ утгаараа С.Амарсайхан гэгч эрх мэдэлтний хамгаалалтад орсон “Зүүнбаян рефайнери” ХХК хэнээс ч айж ичилгүйгээр хууль бус үйл ажиллагаагаа дураараа явуулж, Туулын бургасыг хядсан байж болзошгүй гэх таамаг бий.
Харин тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан үүнийг эрс үгүйсгэж Б.Пүрэвдорж гишүүнийг хачин юм ярьж байна хэмээн мэдэгдээд төд удалгүй тэрээр тус компанийн үйл ажиллагааг зогсоох үүргийг өөрийн биеэр өгч байжээ.
Гэтэл уг явдлаас хойш гурван жилийн дараа буюу 2021 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч, Засгийн газрын гишүүд хараахан ажлаа өгч амжаагүй байхад нэгэн хуйвалдаан явагдсан байж болзошгүй баримт олдлоо.
Тодруулбал, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл 2021 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр “Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” А/26 тоот тушаал гаргаж, “Гэгээнтэн жуулчин” ХХК, “Хайлэнд трэвэл” ХХК, Д.Батцэнгэл, “Скайциркл ХХК тэргүүтэй зургаан иргэн аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хавсралтаар баталж сунгажээ.
Хачирхалтай нь эдгээр зургаан аж ахуй нэгжийн дотор Туулын бургасыг хядсан “Зүүнбаян рефайнери” ХХК багтсан байдаг бөгөөд тус компанийн мэдлийн Бага тэнгэрийн аманд байрлах 4 га газрын эрхийг 2023 оны 8 дугаар сарын 22-ний өдөр хүртэл сунгажээ.
Өөрөөр хэлбэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын цуцалсан “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн Бага тэнгэрийн аманд байрлах 4 га газрын тусгай зөвшөөрлийг Д.Сарангэрэл дахин олгож, эзэмших эрхийн хугацааг сунгасан болж таарлаа.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийн гаргасан энэхүү шийдвэр С.Амарсайхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Шадар сайдаар томилогдох нь тодорхой болсны урд өдөр нь гарсан болох нь сонирхол татаж байгаа бөгөөд Д.Сарангэрэлд хэн нөлөөлж, хууль бус үйл ажиллагаа явуулсан компанийн газрын эрхийг сунгав гэдэг асуултыг уншигч танд үлдээе.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (29)