өдөр
шөнө
×

БГД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр (2023.11.17) дүүргийн Татварын хэлтэст очиж ажиллалаа. Уулзалтын үеэр дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр 2023 оны байдлаар Татварын орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэл мөн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ “Энэ оны эхний 10 сарын байдлаар улс, нийслэл, дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл 100-аас дээш хувийн биелэлттэй байна. Тодруулбал:

  • УЛСЫН ТӨСӨВ: 101.3 хувь,
  • НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ 102.5 хувь,
  • ДҮҮРГИЙН ТӨСӨВ 107.2 хувийн биелсэн гэсэн юм.

Мөн Татварын орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэл ямар байгаа талаарх мэдээллийг өглөө.  Ингэхдээ төсвийн орлого бүрдүүлэхэд дүүрэгтэй хамтран хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ихээхэн түлхэц үзүүлсэн гэдгийг онцолсон. Тодруулбал,

  • Дүүргийн Татварын алба нь дүүргийн 1-34 хорооны Засаг дарга, Ажлын албатай хамтран тухайн хорооны нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх хөрөнгийн тооллогыг шинэчлэн хийх ажлыг зохион байгуулсан. Энэ ажил үр дүнгээ өгч одоогоор бүртгэлгүй байсан 179 үл хөдлөх хөрөнгөөс 84-ийг нь бүртгэлжүүлснээс гадна 1,9 тэрбумын орлого бүрдүүлсэн байна. Одоо нэмж 7 хороонд бүртгэлийн ажил хийх бөгөөд 11 сарын дунд үе гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Үлдсэн үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж дуусвал энэ орлого дахин нэмэгдэх боломжтой.    
  • Татварын олон нийтийн байцаагч гэсэн орон тоогоор 15 хүнийг гэрээгээр ажиллуулсан нь мөн татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд томоохон нэмэр болсон,
  • Түүнчлэн Авто тээврийн хэрэгслийн татварын төлөвлөгөөг биелүүлэх арга хэмжээний хүрээнд 1-34 хороонд авто тээвэр хариуцсан нэг алба хаагчийг томилсон далд байсан эдийн засгийг ил гаргах, үүнийг дагаад татварын орлого бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэсэн юм.  



Энэ үеэр дүүргийн Засаг дарга төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон бөгөөд Татварын хэлтсийн алба хаагчид дүүргийн зүгээс ажлын байрны засвар үйлчилгээ хийхэд анхаарал хандуулсанд талархал илэрхийлсэн. Тодруулбал,  дүүргийн Татварын хэлтсийн байр засвар хийгээгүйгээс тав тух муутай, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа алба хаагчид болон үйлчилгээ авч байгаа иргэдэд хүндрэл үүсдэг байсан. Иймд дүүргийн зүгээс яаралтай арга хэмжээ авч, тодорхой санхүүжилтийг нь шийдсэнээр Иргэдэд үйлчлэх нэг цэгийг бүрэн засварласнаас гадна зарим давхартаа засвар хийж, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан гэсэн юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top