өдөр
шөнө
×

З.Мэндсайхан Д.Сумъяабазарт тал засаж ҮХОБ-аас авах ёстой 1,3 тэрбумын өрөндөө 13,6 мянган ширхэг бонд нэртэй цаас авчихжээ!

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” зэрэг төслүүдийн мөнгөн хөрөнгийг төлбөрийн чадваргүй болсон Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингисхаан банкинд тус тус байршуулж эрсдэлд оруулсан тухай асуудлыг бид өнгөрсөн удаад хөндсөн.

Тэгвэл ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалсүрэн нар дээрх хоёр банкинд байршуулсан төслийн мөнгөн хөрөнгийг анх байршуулсан мөнгөн хэлбэрээр нь эргүүлэн авч чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон банктай “бартер” хийх замаар өр, авлага барагдуулж суугаа тухай асуудлыг энэ удаад хөндөж байна.

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”-ийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулсан 2,2 тэрбумын 1,3 тэрбум нь 13,600 ширхэг бонд болон хувирчээ!

Хотын дарга Д.Сумъяабазар, Асашёрюү Д.Дагвадорж нарын өмчлөлтэй Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-аар дамжин хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн 1,972,599,355 /нэг тэрбум есөн зуун далан хоёр сая таван ерөн есөн мянга гурван зуун тавин таван төгрөг/ байршиж байжээ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зүгээс ХХААХҮЯ-нд төлбөл зохих үндсэн төлбөр, хүү торгуулийн дүнгийн нийт дүн 2022 он гарсаар 2,247,615,620 төгрөг байгааг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байна.

Улмаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зүгээс дээрх мөнгийг ХХААХҮЯ-нд бүрэн бүтэн гаргаж өгч чадахгүй, өөр арга замаар өр барагдуулъя гэх утга бүхий 01/01-891 тоот албан хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалсүрэнгээр удирдуулсан “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”-ийн Удирдах хороонд ирүүлжээ.

Ингээд төслийн Удирдах хороо дээрх хүсэлт ирснээс хойш нэг сарын дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хуралдаж, “2022-03” дугаартай хурлын тэмдэглэлийг үйлдэн гаргасан байна.

Энэ тэмдэглэлээр, Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил төслийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь эргэн төлөлтийн дансны авлагыг барагдуулах зорилгоор “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан 13,600 ширхэг, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий  нийт 1 тэрбум 360 сая төгрөгийн 13,600 ширхэг МИК-ийн бондын эрхийг шилжүүлэх “Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ”-г ХХААХҮЯ, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хооронд байгуулан ажиллах тухай тогтоолыг гаргажээ.

Товчхондоо бол Т.Жамбалсүрэн энэхүү тогтоолоороо Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулсан 2,2 тэрбумыг анх байршуулсан валют хэлбэрээр нь эргүүлж авахын оронд МИК-ийн бондоор солих гэх мэт Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд давуу байдал олгосон шийдвэр гаргасан байгаа юм.

Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн тухайд Шадар сайд С.Амарсайханы мэдэгдлээс үүдэж дампуурах, татан буугдах дээрээ тулчихаад байгаа нь нууц биш болсон асуудал.

Шадар сайдын тухайд МИК ипотекийн зээл зуучилсныхаа төлбөрт 3 хувийг авч байсан нь хууль зөрчсөн, мөнгө хүүлэлтийн шинжтэй үйлдэл хэмээн мэдэгдсэн. Үүний дараа МИК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатарыг цагдан хорьж, ипотекийн 8%-ийн зээл 2023 он гартал аль  ч арилжааны банкнаас гарахгүй болчхоод байгаа.

Цаашлаад Шадар сайдын мэдэгдэлд итгэсэн олон мянган зээлдэгчид ипотекийн зээлийн хүү 3-4 хувь болж бууртал зээлээ төлөхгүй гэдэг хандлагыг ч илэрхийлээд эхэлжээ. Хэрэв тийм зүйл бодитоор болвол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зүгээс Хөдөө аж ахуйн яаманд гэрээ хийж шилжүүлсэн 13,600 ширхэг бонд хэнд ч хэрэггүй үнэгүй цаас болж хувирах эрсдэлтэй юм.

Гэтэл ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалсүрэн Азийн Хөгжлийн банк болон ХХААХҮЯ-нд ямар ч ашиггүй, Д.Сумъяабазарын Хөрөнгө оруулалтын банкинд ашигтай шийдвэр гаргаж, авах ёстой нийт авлагынхаа 1.3 тэрбумыг нь 13,600 ширхэг бондоор солих тогтоол гаргасан нь өөрөө анхаарал татсан асуудал болоод байна.

З.Мэндсайханы гаргасан тушаал Д.Сумъяабазарын хувийн банктай холбоотой өр ширний асуудал цэгцрэх замыг засаж өгчээ

Асуудал энэ хүрээд дууссангүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан чоно борооноор гэгчээр сар шинийн өдрүүдэд буюу 2022 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Т.Жамбалсүрэнгээр удирдуулсан Төслийн удирдах хорооны “2022-03” тоот дугаартай хурлын шийдвэрийг үндэслэн “Гэрээ байгуулах тухай” А/44 тоот тушаалыг гаргаж Д.Сумъяабазарын хувийн банкны өр ширтэй холбоотой асуудлын замыг засаж шуудруулж өгчээ.

З.Мэндсайханы гаргасан энэхүү тушаалд “Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Хөдөөгийн хөгжил” төслийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж буй 2,247,615,620 төгрөгийн эргэн төлөлтийн дансны үлдэгдлийг барагдуулахаар 1 тэрбум 360 сая төгрөгийн “Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төслийн төслийн төлбөр барагдуулах гэрээ”, энэхүү гэрээ байгуулсны дараах үлдэгдэл төлбөр болох 887,615,620 төгрөгийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г Үндэсний хөрөнгө оруулалтын банктай тус тус байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнд зөвшөөрсүгэй” гэжээ.

ХХААХҮ-ийн сайдын А/44 тоот тушаал гарснаас хойш хэдхэн хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ХХААХҮЯ-ны хооронд “Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах” 220222/09-65 дугаартай гэрээг ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалсүрэн, ҮХОБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Г.Тогтохбаатар нарын гарын үсэгтэйгээр батлагдан гарчээ.

Ийнхүү тус гэрээ батлагдсанаар ХХААХҮЯ-ны зүгээс ҮХОБ-наас авлагад авах учиртай 2,2 тэрбумын 1,3 тэрбум нь 13,600 ширхэг МИК-ийн бонд нэртэй цаас болон хувирчээ.

Харин үлдэгдэл 887 сая төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх гурван сарын хугацаанд 295,8 саяар гурав хувааж барагдуулна гэсэн  утга бүхий “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-г тусад нь дахин байгуулсан байх ажээ.

Энэ бүхнээс улбаалаад Д.Сумъяабазар, З.Мэндсайхан, Т.Жамбалсүрэн нарын хооронд ямар яриа хэлэлцээ, тохироо явагдсаны улмаас асуудлыг ингэж түргэн шуурхай шийдэв гэдэг асуулт араасаа хардлага дагуулж байгааг нуугаад яахав. Товчхондоо бол энэ гэрээ нь ХХААХҮЯ-нд ашиггүй, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ашигтай гэрээ болжээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Хэрэв Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХААХҮЯ-нд төлөх ёстой “Хөдөөгийн хөгжил төсөл”-ийн үлдэгдэл өр болох 2,2 тэрбумыг цаг хугацаанд нь бүрэн гаргаад өгчихсөн бол хөдөө аж ахуйн салбарын хэд, хэдэн жижиг дунд боловсруулах үйлдвэрийг хөл дээр нь босгоод ирэх боломжтой байжээ.

Эцэст нь хэлэхэд, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Т.Жамбалсүрэн нарын гаргасан энэхүү үйлдэл нь боловсруулах үйлдвэрүүддээ зээл олгож өөд нь татахын оронд хотын дарга Д.Сумъяабазар мэтийн улстөрчдөд тал засаж, хувийн банкных нь өрийг бонд нэртэй хэдэн бор цаасаар сольж, өр цайруулсан асуудал болжээ. Яг л нөгөө хонь бүрэн чоно цатгалан гэдэг шиг...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top