өдөр
шөнө
×

Монгол, Туркийн төмөр замын хамтын ажиллагааг бий болгох, мэдээлэл солилцох цахим уулзалт боллоо

Монгол, Туркийн төмөр замын хамтын ажиллагааг бий болгох, мэдээлэл солилцох хоёр талын төмөр замын холбогдох байгууллагын хооронд цахим уулзалт 2022 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр боллоо.

Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Туркийн талаас Туркийн төмөр замын ерөнхий газрын төлөөлөгч нар тус тус оролцож төмөр замын бодлого, төслийн талаар ярилцаж санал бодлоо солилцов.

Уулзалтаар талууд  Монгол, Туркийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн тухай хэлэлцлээ. Тодруулбал, тээврийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаатай холбогдуулан дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, дотоодын төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, сайжруулах болон сүлжээгээ өргөжүүлэх, мөн Монгол Улсын худалдаа, бизнес эрхлэгчид Турк Улсад ихээр зорчих нь  нэмэгдсэн тул тээврийн хэрэгцээ шаардлага давхар нэмэгдэж байна. Хэдийгээр автотээвэр болон агаарын тээврээр тээвэрлэлт хийгдэж байгаа хэдий ч цаашид манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа улам нэмэгдэхээр байгаа тул төмөр замын харилцаа тогтоох нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг дурдлаа. Турк Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн чухал байрлалтай тул тээврийн холбоосыг олон талаар хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Монголын тал илэрхийлж тэр дундаа төмөр замын салбарт түншилж хамтран ажиллах нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн үүрэгтэй гэдгийн онцлон тэмдэглэлээ.

Талууд цаашид төмөр замын салбарын түншлэлийг бий болгох эхний уулзалтыг амжилттай зохион байгуулж, харилцан солилцсон мэдээлэлд тулгуурлан хамтын ажиллагааны тодорхой саналуудыг дэвшүүлж бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах чиглэлээр ажиллахаар тогтов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top