өдөр
шөнө
×

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг даргаас давсан эрх мэдэл хэрэгжүүлж хууль зөрчдөг болжээ

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан ноцтой баримтыг цувралаар дэлгэж байна. 

Б.Бямбадоржийн хууль зөрчсөн чиглэлийг үндэслэн Хан-Уул дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах тогтоол гарчээ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд “Чиглэл хүргүүлэх тухай” 85 тоот албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр хүргүүлжээ. 

Уг албан бичигт, “Тус газрын харьяа эрүүл мэндийн зарим байгууллагын тогтолцоог Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлэх, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг олон улсыг жишиг хандлагад нийцүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх асуудал нэн чухал байна. 

Нийгмийн эрүүл мэндийн төв нь эрүүл Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар “Нийгмийн эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн төвшинд зохион байгуулна” гэсэн чиг үүрэгтэй байна...

...Хан-Уул дүүрэгт орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн хэлбэрээр дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах хууль зүйн үндэслэлтэй байна...

Иймд Хан-Уул дүүргийн Нийгмийн эрүүл төв байгуулах тухай асуудлыг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлийг үүгээр хүргүүлж байна” гэжээ.

Гэтэл уг албан бичиг хүргэгдсэнээс хойш тав хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж “Хан-Уул дүүргийн “Нийгмийн эрүүл мэндийн төв” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулах тухай” 02 тоот тогтоолыг баталжээ. 

Үндсэндээ ингэж Б.Бямбадоржийн өгсөн чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаа шуурхай горимоор хуралдуулж, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн статусыг өөрчлөн Нийгмийн эрүүл мэндийн төв нэртэй орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгон хувиргасан байна.

Уг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.3-т “Бүх шатны засаг дарга, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулна” хэмээн тов тодорхой заагаад өгчихсөн байна. 

Хуульд ингэж заасан байхад Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж гэгч хуулиас давсан эрх хэрэгжүүлж Эрүүл мэндийн сайд Л.Энхболд, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нарын хэнтэй ч нь зөвшилцөлгүйгээр дүүргийн засаг даргад чиглэл өгөх байдлаар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийг орон нутгийн өмчит Нийгмийн эрүүл мэндийн төв болгон хувиргачихжээ. 

Уг нь бол шат, шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж, Нийслэлийн засаг дарга, Эрүүл мэндийн сайдтай зөвшилцсөний үндсэн дээр энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах учиртай байж. Гэтэл Хан-Уул дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулахдаа хуульд заасан энэ шат дарааллыг алгасчихсан байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Ер нь Б.Бямбадоржийн тухайд Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг даргаас давсан эрх хэрэгжүүлж хууль зөрчсөн болох нь энэ бүхнээс харахад тодорхой байна.

Нөгөөтэйгүүр Б.Бямбадоржийн өгсөн чиглэлийн дагуу 300 гаруй алба хаагчтай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийг орон нутгийн өмчит үйлдвэрийн статустай Нийгмийн эрүүл мэндийн төв болгон өөрчилсний цаана өнөөдөр тус эмнэлэгт ажилладаг эмч, эмнэлгийн алба хаагчид хохироход хүрээд байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болсноор тэнд ажилладаг эмч, эмнэлгийн ажилчид 36 сарын тэтгэмж зэрэг төрөөс үзүүлж буй хуулиар олгогдсон тэтгэмжээ авч чадахгүйд хүрчээ. Улмаар бүтэц орон тооны хувьд өөрчлөлт гарвал маш олон хүмүүс ажилгүй болох нөхцөл үүссэн байна.

Хамгийн сонирхолтой нь Б.Бямбадоржийн өгсөн чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах тухай тогтоол гарсныг тухайн үед Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, удирдлагууд тэр бүү хэл Эрүүл мэндийн сайд Л.Энхболд ч огт мэдээгүй байсан байгаа юм. Товчхондоо бол чоно борооноор гэгчээр сар шинийн битүүний өдрийг далимдуулан Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн удирдлагуудад нь ч мэдэгдэлгүйгээр дээрх шийдвэрийг яаравчлан үйлдсэн нь олон хардлагыг араасаа дагуулж байгаа юм.

Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top