Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /2021.08.21/ ажиллалаа. Тэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Японы засгийн газрын санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр төслийн үр дүнг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн ажилтан Г.Отгонжаргал болон Нийгмийн ажилтны системийн талаар “Интерактив ХХК” мэргэжилтнүүд удирдлагуудад танилцуулав.
Тус төсөл нь “Covid-19” халдварын үед зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллыг шуурхай үзүүлэх, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн кэйсийг бууруулах зорилгоор есөн сарын хугацаанд хэрэгжсэн юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр “Нийгмийн ажилтны систем” программыг шинээр нэвтрүүлж хороодын 100 нийгмийн ажилтанг зөөврийн тоног төхөөрөмжөөр /ТАБЛЕТ/ хангасан. Энэхүү зөөврийн төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийгмийн ажилтнуудын кэйс хөтлөх уламжлалт аргыг халж цахим хэлбэрт шилжүүлэн зорилтот бүлгийн иргэдийн мэдээллийг цөм хэлбэрээр хадгалах нөхцөл бүрдсэн юм. Мөн нийгмийн ажилтнууд гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн кэйс дээр ажиллаж байхдаа нөхцөл байдлын үнэлгээг шуурхай бөглөх боломжтой болсон.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийгмийн ажилтны системд хувь хүний мэдээллийг тухайн ажилтан ажил хэргийн бус зорилгоор ашиглаж буй эсэхийг хянах үйлдлийг илүү боловсронгуй болгох хэрэгтэйг онцоллоо. Мөн холбогдох сайд нар болон дүүргийн удирдлагууд цаашид гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийг хэрхэн таслан зогсоож, тохиолдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх санал санаачилга төлөвлөсөн зорилтот ажлуудын талаар хэлэлцлээ.