өдөр
шөнө
×

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БОЛЛОО

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.10.04/ Сонгинохайрхан дүүргээс цахимаар хуралдлаа. Энэхүү хуралд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар ирж оролцсон юм. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагууд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцав. 

Шуурхай зөвлөгөөнөөр “Сovid-19” халдварын тархалт, урьдчилан сэргийлэлт,  нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, дулаан, цахилгаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв. 

Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Сонгинохайрхан дүүргийн 40 дугаар хороонд 7 га 180 нэгж талбарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг гүйцэтгэхээр НИТХ-аар батлуулсан. Харин энэ долоо хоногт гэр хорооллын дахин төлөвлөлтийг зарлахаар ажиллаж байна. Тус хорооны 0119 дугаар ангийн 1-4 дугаар гудамж хамрагдаж байгаа ба дэд бүтцийн хувьд дулааныг Хилчин хороолол руу татаж, өргөтгөл хийхээр тооцоолсон. Тиймээс цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тус хэсэг худалдаа үйлчилгээтэй орон сууцны бүс хэмээн багтдаг. Үүний дагуу дахин төлөвлөлтийг зохион байгуулна” хэмээн мэдээллээ. 

Сонгинохайрхан дүүргийн  хороодын авто , явган, дугуйн замын бүтээн байгуулалт, Орон сууцны хорооллын дулаалга хийх зэргийг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. 

Мөн тэрбээр  “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний журмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулах, хэрэгжилтэд хяналт тавих, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг нэмэгдүүлж, борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдийг түлшээр таслахгүй байх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах зэрэг хэд, хэдэн үүргийг  нийт удирдлагуудад өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top