Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр зохион байгуулдаг "Манай хороо-Миний гудамж", " Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг баг" аяны нэгдсэн дүн гарч, Нийслэлийн "Шилдэг дүүрэг"-ээр Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа.
Аяны хүрээнд шилдгээр шалгарсан Дүүрэг, Хороо, Өрх, СӨХ, Аж ахуйн нэгж байгууллага, Хог тээврийн байгууллага, Орон сууцны хорооллын шагналыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болов.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нар оролцож шагнал гардууллаа.
Шилдэг дүүргийн шагналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай нар гардан авлаа.