УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн ээлжит нэгэн хохирогч дуучин М.Нарантуяагийн цахим хуудаст нэрээ нууцлан захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Захидалд, "Сайн байна уу Нараа эгчээ. Нэрийг минь нууцлаад оруулаад өгөөрэй. Би хоёр жилийн өмнө Анандбазар (51) гэх хүний хүчирхийлэлд өртөж байсан хүн байна. Зарим нэг зүйлийг хэлэхгүй байж чадахгүй нь ээ. Анандбазарын гар хөл нь юм уу эсвэл нь хэн нь мэдэгдэхгүй хүмүүс нотлох баримт нэхээд байхгүй бол худлаа сонгуулийн шоу болгож бичиж байхыг хараад сэтгэл өвдлөө. Ямар ч хүн өөрийгөө хүчирхийлүүлж байхад бичлэг хийх вэ. Хурдан зугтахаа л боддог байна лээ. Эсвэл тэр хүн "би чамайг хүчиндэнэ шүү, чи бичлэгээ хийгээрээ" гэж хэлэхгүй нь ойлгомжтой. За бүр байг гэхэд олон удаа зугтаж чадсан ч аргагүй эрхэнд дахиж нүүр тулгарсан зарим нэгэн охидууд азтай байж магадгүй. Гэхдээ тэр нь зууны хорин хувь байх. Хүчирхийлэлд орсон охидуудыг буруутгасан хүмүүс олон байдаг учраас олон охид дуугүй өнгөрч, өөрийгөө буруутан болгохоос эмээж, айж ичиж дуугүй өнгөрсөн ч одоо бүгд зориг орж байхад битгий ийм зүйл бич л дээ гэж гуйя.
Би 2019 онд Бага тэнгэрт ажилд орсон. Тэр үед 51 гэх хүнтэй анх удаа нүүр тулж байлаа. Анхны асууж байгаа асуулт нь "нөхөртэй юу, хэдэн хүнтэй унтаж байсан бэ, аман секс хийж үзсэн үү" гэх мэтээр ажлын тухай нэг ч үг асууж байгаагүй.
Тэр үед “та юу яриад байгаа юм бэ” гэхэд хөх, бөгснөөс минь базаж одоо цэвэрхэн байгаа юу гэж асууж байсан. Үнэхээр аймшигтай хүн. Анх удаа тийм асуулт сонссон би шууд уйлаад би заваан хүн, ерөөсөө усанд ороогүй, та надад битгий хүр гэж өөрийгөө доромжлон уйлж өрөөнөөс нь гарч байсан. Гараад шууд гэр лүүгээ уйлаад явж байхад тухайн үед Бага тэнгэрийг хариуцаж байсан захирал эмэгтэй араас дуудаж "Чамайг захирал зүгээр шалгаж байгаа юм аа. Анх орж ирсэн охидуудыг ингэж шалгадаг. Мөнгөтэй хүн болохоор олон охид өөрсдөө маяглаад байдаг учир ингэж шалгаруулж авдаг юм аа. Чи ажилдаа тэнцсэн. Одоо зүгээр ээ. Чамайг дахиж оролдохгүй, ажилдаа орж болно" гэж хэлж байсан.
Тухайн үед тэнэг байж ээ. Нээрээ л баян хүмүүс эмэгтэй хүнийг ингэж шалгаж ажилд авдаг юм байхдаа гэж бодсон минь алдаа байсан. Тэр өдрөөс хойш сарын дараа “үйлчилгээний охин байхгүй чи нэг үйлчилгээнд гарчих” гээд Бага тэнгэрийн аман дахь 51-ийн хаусанд ажлын уулзалт хийж байсан хүмүүст цай, ус, ундаа зөөх мэт зүйл хийсэн юм. Уулзалт дуусаад орой нь 51 “чи ганцаараа байгаа юм уу” гэж асуугаад хариулах сөхөөгүй намайг шууд татаж, хамаг хувцсыг маань урж энд тэндгүй базаж барьж эхэлсэн. Би бас л айсандаа уйлахаас өөр зүйл хийж чадаагүй ээ. Тийм том эрэгтэй хүнийг ганц эмэгтэй хүн яагаад ч дийлэхгүй юм билээ. Тэгээд бас болоогүй толгойноос минь дараад бэлэг эрхтнээ ам руу чихэхийг оролдсон. Үнэхээр айсан учир тэр хүнээс гуйж эхэлсэн. "Та яагаад ёс бус зүйлээ хийлгэх гээд байгаа юм бэ. Гэрээнд ийм заалт байхгүй" гэхэд "би та нарын захирал, би юу хүснэ та нар бүгдийг нь биелүүлэх ёстой. Болохгүй бол гэрээг чинь өөрчлөөд, гэрээнд чинь тусгуулахад надад алдах юм байхгүй" гэж хэлж байсан” гэхчилэн бичжээ.
Сэтгэгдэл (24)