өдөр
шөнө
×

Авлигын хэргээр ял авч байсан Ц.Ганболд гэгч нэг даргын суудлаас буунгуутаа өөр нэг даргын суудалд дэвшин заларчээ!

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож гурван шатны шүүхээс ял сонсож байсан Ц.Ганболд гэгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдоод багагүй хугацааг өнгөрүүлж байгаа гэнэ.

Ц.Ганболдын тухайд 2010 онд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байхдаа “Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” хэмээн урьдчилан амлаж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Сүрэг агт” компанийн захирал Н.Лхамсүрэн, Тай Ян Жин, Зао Ки Кунг нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгө буюу 130 сая төгрөгийн хээл хахуульд авсан гэх хэрэгт холбогдон гурван шатны шүүхээс хорих ял сонсож байсан нэгэн ажээ. 

Эх сурвалж: Isee.mn

Ц.Ганболдын хувьд ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй байхад буюу 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Үндэсний аудитын газрын Тамгын газрын даргаар томилогдож байсан гэх бөгөөд уг ажлаасаа 2021 оны 07 дугаар сард чөлөөлөгджээ. Ингээд төд удалгүй буюу мөн оныхоо 11 дүгээр сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдон очсон байна.

Түүний тухайд ҮАГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа хувийн аудитын компаниудаас хахууль авдаг байсан байж болзошгүй гэнэ. Учир нь хувийн аудитын компаниуд Үндэсний аудитын газраас эрх авч төрийн аудит хийдэг бөгөөд харин энэхүү эрхийг олгохдоо Ц.Ганболд нь авлига, хээл хахууль авдаг байсан байж болзошгүй гэх ноцтой мэдээлэл аудитын байгууллагынхан дунд яригддаг аж. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж үзэхэд буруудах зүйлгүй. 

Нөгөөтээгүүр Ц.Ганболд нь ҮАГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн төрөл садан болох Пүрэв-Очирын Амарсанаа болон Зоригтын Баярбилэгт гэх мэргэжлийн бус хүмүүсийг Үндэсний аудитын газар болон Нийслэлийн аудитын газарт аудитораар ажилд оруулж байжээ. Эдгээр хүмүүсийн тухайд аудитор хийхэд шаардлага хангахгүй, холбогдох шалгалтад тэнцэхгүй байхад л Ц.Ганболд тэднийг ҮАГ-т санхүүгийн аудитороор томилуулж бүр зарим нэгийг нь БНХАУ-руу Аудитын сургуульд явахад нь нөлөөлсөн гэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч суусан газраасаа шороо атгана гэдэг шиг очсон газар бүртээ ашиг сонирхол үнэртүүлж явдаг ийм нэгэн эрхэм Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон нь ихээхэн эргэлзээ, хардлага төрүүлж байна. Нөгөөтээгүүр авлигын хэрэгт холбогдон шүүхээс ял сонсож байсан, ар өврийн хаалгаар төрсөн ах дүүсийнхээ хүүхдийг ичиж нэрэлхэлгүй өөрийн хариуцсан байгууллагатаа ажилд авдаг гэх мэт арвин их скандалтай Ц.Ганболд мэтийг нэг даргын суудлаас  буунгуут нь өөр нэг даргын суудал руу дэвшүүлэн томилтлоо Монгол төрийн боловсон хүчний бодлого шалаар нэг унажээ гэхэд нэг их хилс болохооргүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.107.75)
    Хулгайч нохой вэ
    2023 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.190.231)
    МАН ын хулгайч
    2023 оны 11 сарын 09 | Хариулах
Top