өдөр
шөнө
×

Албан тушаалын хэргүүдийг өршөөх юм бол АТГ-аар яах юм, МАН-ынхаан

УИХ-ын Хаврын чуулганаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль батлах яриаг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гаргасан. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар ч үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, шоронгийн ханаар тусгаарлагдсан олон хүн гэр бүлдээ очих хугацаа ойртсоор. Хэвлэлд дурдсанаар хууль боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ахалж байгаа гэх.

Тоо яривал, манай улс 1991, 1996, 2000, 2006, 2008, 2009, 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль баталж байж. Парламент бүр сонгууль угтаж шорон сулладаг мода дэлгэрэх шахсан. Сүүлийн 2015 оны Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын хэргийг өршөөх тухай яриа гарч, тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж хориг тавьснаар хасуулж байсныг санаж байгаа байх. Энэ дунд татварын, эдийн засгийн өршөөлийн хуулиуд ч гарч байлаа.

Харин 2021 оны Өршөөлийн хуулиар ямар хэргүүд өршөөгдөх бол. Өршөөлийн хуулиар тэр, энэ хэргүүдийг өршөөнө гэж зүйл заалтыг нь зарлаад байдаггүй. Наана нь зарлавал тухайн хэргүүд нь үйлдэгдээд эхэлдэг гэж гэмт явдал судлаачид хэлдэг. Ийм шалтгаанаар үе үеийн УИХ Өршөөлийн хуулийн төслийг маш богино хугацаанд УИХ-иар хэлэлцүүлж баталдаг байжээ. Өршөөлийн хуулийн энэ онцлогийг дагуулж, улсаас хулгай хийсэн улс төрчдийг хариуцлагаас мултлах оролдлого гардгийг дээр дурдсан.

Засаг барьж байгаа МАН-аас ч, сөрөг хүчин АН-аас ч цөөнгүй хүн шоронд орлоо. АН-аас С.Баярцогт, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Болор, Д.Эрдэнэбат нар АТГ-ын харьяаллын хэргээр ял сонсов. Араас нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гээд шалгагдаж байх жишээтэй. Албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөе гэхэд АН эсэргүүцэх болов уу. МАН-аас ч С.Баяр, Ж.Эрдэнэбат, Г.Солтан, Ч.Батзориг, Б.Ундармаа, Н.Номтойбаяр гээд шоронгийн нээнтэгтэй улс төрчид байна.

Шүүхийн хуулийг хэлэлцэхийн өмнө Ж.Эрдэнэбатын хэргийг товлосон байхад өмгөөлөгч нь хойшлуулах санал гаргаад л Шүүхийн хуулийг баталсны дараа Дээд шүүхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулчихаж байна. Эрх баригч намын гишүүн байсан Н.Номтойбаярын хэрэг мөн л энэ долоо хоногт Дээд шүүхээр хэлэлцэгдэнэ. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны гуравдугаар сарын 21-нд 03 дугаартай тогтоол гаргаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталж, албан тушаалаа урвуулсан. Уг тушаалынх нь дагуу ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс нар хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн буруутгасан. ЖДҮ, Концесс, Хөдөлмөр эрхлэлтийн сантай холбоотой энэ мэт хэрэг Ардын хувьсгалын ойгоор эрх баригчдын хуулиар замхарвал МАН “шударга ёс” гэдэг үг хэрэглэх эрхгүй. Ёстой л төрд, шүүхэд итгэх ард түмний итгэл буурна.

Гэхдээ 2021 оны Өршөөлийн хууль боловсруулж байгаа цаг үе хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, сүүлийн өршөөлөөс хойш УИХ 2015 онд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудыг баталсан байна. Бас 2017 онд шинэчилсэн. Хөөн хэлэлцэх хугацаагаар бужигнуулсан. Сая дахиад Шүүхийн хуулиудыг шинээр бичиж батлав. Үндсэн хуулийг нэмж өөрчлөв. Өмнөх парламентын үед Өршөөл үзүүлээгүйн дээр Ерөнхийлөгчийн сонгууль, Ардын хувьсгал, Ардын намын 100 жилийн ой тохиож байна. Хуулийн гажуудал, хийдэл, өнөө шүүх нь үнэхээр “хонгил” болтлоо ялзарсан байсан юм бол яах ч аргагүй Өршөөлийн хууль батлах цаг мөн л байх. Харин авлига, албан тушаалын хэрэгтнүүдээ өршөөх гээд л өдийг хүртэл сунжруулсаар байгаа юм биш биз.

Албан тушаалын хэргүүдийг өршөөх юм бол АТГ-аар яах юм, МАН-ынхаан. МАН-ын дарга буюу одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Авлигын эсрэг хуулийг өөрчлөн барин АТГ-ын дарга, дэд даргыг томилох эрхийг өгсөн нь юуных байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Алтансүх (66.181.161.106)
    Өршөөл гарагсан дэр шүү дэ маш хэцүү л бн за амжилт
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.212.117.139)
    Mash zow orshool garahsan deee 100.jil.dahij tohoih bish de orshooloo garga amjilt hvsie ta bvhend
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.60)
    Албан тушаалын хэргүүд өршөөлд хамрагдахгүй байхаа.Ерөнхийлөгч юу гэж шийдэх юм байгаам
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
    • Irgen(202.126.89.29)
      Hamruulahgvi bol uuruu yavna shvv dee
      2021 оны 01 сарын 19
Top