АН-ын ҮБХ-ны гишүүн, Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорын асуудлаар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр, “Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан “2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан. Гэтэл хятадуудтай нийлж төрсөн охиныхоо нэр дээр оффшор компани байгуулснаа нуучихсан л сууж байна. Хуулийн дагуу Х.Баттулга энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай шүү дээ. Тийм шударга хүн юм бол өөрийнхөө оффшорт байгаа мөнгийг оруулж ирээд цар тахлын үед ядарсан эдийн засагтаа нэмэр болох хэрэгтэй” гэжээ.
Мөн тэрээр Х.Баттулгын санаачлан хэрэгжүүлсэн Шинэ сум төслийн талаар “Ерөнхийлөгч Х.Баттулга манай аймгаас УИХ-д гурван удаа сонгогдож байсан. Тэгээд Баянхонгор аймаг маань өөрчлөгдсөн зүйл алга. Өнгөрсөн хугацаанд “Шинэ сум” төсөл санаачилсан. Санаа нь зөв байсан ч үйлдэл нь буруу байсан. Канадаас Монголд мод ирээд бүх сумыг шинэчилнэ гэж байх уу. Канад стандарт технологи өртөг, өндөр талийж өгнө биз дээ. Мөн Канадын уур амьсгал Монголоос өөр. Манай эрс тэс уур амьсгалд тохирохгүй. Манай аймагт загварын хоёр сумыг хийсэн. Төрийн олон тэрбумын төсөвтэй. Ажлыг нь өөрийнхөө Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, хуурай дүү Сүхбаатар аймгийн залуугийн “Их Модун” компаниар хийлгэсэн. Мод оруулсан дүр эсгээд доторх нь цахилгаан сан, гипсэн хана нь дандаа Эрээний хулхи материалаар хийсэн. Одоо тэр ажил нь ямар чанартай болсныг та очиж сурвалжлаарай. Бас болоогүй ээ. Тэр компани нь “Мазаалай” парк гэх манай аймгийн бүх том ажлуудыг хийсэн. Энэ хүн ингэж төсөл санаачилсан нэрээр дандаа хүний гараар дамжуулж мөнгө иддэг гэж харагдаж байна. Хуурай дүүгийнхээ компаниас цаагуураа ашиг авдаг байсан ч юм уу, хэн мэдлээ.
Яагаад орон нутгийн ажлыг нутгийн компаниар хийлгэхгүй байна гэвэл нутгийн компаниас мөнгө нэхэж чадахгүй биз дээ. Тэгээд нэг сайхан өгөөмөр хүний дүртэй энтертайнмент хийж манай аймгийн ахмадуудад Цагаан сараар боов, боорцог тараадаг байсан. Энэ тэгээд хөгжил юм уу. Хүмүүсийн тархийг хот хөдөөгүй угааж бурхан шиг хүний дүрд орж чаддаг хүн л дээ. Одоо улсын хэмжээнд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээ муу, хөрөнгө оруулалт хийх тулгамдсан олон асуудал байсаар байтал Женкогийн мөрөөдлийг биелүүлж хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй тооцоо, судалгаагүй санаачилсан Шинэ сум, Төмөр зам энэ мэт төсөлд нүүрснийхээ болон төсвийн хамаг орлогыг өгөөд сууж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсад гавьяа байгуулаагүй, гай тарьж ирсэнд иргэн хүний хувиар их харамсдаг. “Монгол ялна” гэсэн худлаа лоозон болсон мөрийн хөтөлбөртэй, өнгөрсөн сонгуульд орсон. Улс орнууд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдсан үед ялагддаг. Өнөөдөр Монголд тусгаар тогтнол хангалттай эрх чөлөө байна. Харин хөгжил дутмаг байна. Алдаагаа засаад явбал хөгжил ойрхон байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (24)