өдөр
шөнө
×

"Тавантолгой түлш" ХХК-ийн ажилчид 02-07 насны гурван хүүхдийн амь насыг галын аюулаас аварчээ

"Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хяналтын ажилтан Ц.Отгонтунгалаг, Б.Цэндмаа, Т.Оюунцэцэг нарын хамт Картын бүртгэл хийгээд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн III хорооны 33-р гудамжинд 02-07 насны гурван хүүхдийн амь насыг аварчээ. 

Энэ талаар тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хяналтын ажилтан Г.Энхтуултай холбогдож болсон явдлын талаар тодрууллаа. 

Тэрээр, "Хяналтын ажилтанууд  тухайн айлын хаалгыг нүдсэн боловч хаалгаа тайлж өгөхгүй нэлээд удсан. Гэтэл 6-7 насны гэмээр охин цонхны цаанаас гараа даллаад байсан бөгөөд хаалгаа тайлж өгөх байх гээд хаалгыг нь тогшоод зогсож байтал "Эгчээ манай хоёр дүүг авраарай" гэж охин хашгирсан. Ингээд тэд хажуу айлын залууг дуудаж тухайн айлын цонхны торыг эвдүүлж, цонхоор нь гурван хүүхдийг утаан дундаас гаргаж авсан. Том охиноос ээж, аавынх нь дугаар авч залгаж хэлтэл "0 зогсолт болж магадгүй гэж бодоод хүнс цуглуулахаар явсан байна" гэж хэлсэн. Би ч тухайн үеийнхээ эмоцоор "Яагаад гурван нялх хүүхдийг цоожилж явж байгаа юм. Цоожлоогүй байсан бол ядаж өөрсдөө гараад ирэх байлаа" гээд л загнасан. Ээж нь хүүхдүүдээ тэврээд л уйлаад байсан. Аав нь хүүхдүүдэдээ сүү өгч, жаахан тайвшруулсан. 

Гурван хүүхдээ гэртээ цоожилчихоод, галаа шахмал түлшээр өрдчихөөд явсан байсан. Зуух, пийшин нь улайсчихсан, зуухан дээр хоолтой байсан гэмээр тогоо түлэгдээд гэрээр дүүрэн утаа түгсэн байсан л даа. Хэрэв бид тэр айлын хаалгыг тогшиж таараагүй бол, хаалгаа тайлж өгөхгүй байна гээд явалгүй удаагүй бол тэр гурван хүүхэд утаанд хордох байсан байх. Цаашлаад гал гарахыг ч үгүйсгэхгүй байсан. Болсон явдлыг өөрсдийнхөө ажил тайлагнадаг фэйсбүүк группт бичтэл тэр цаашаа түгсээр олны анхааралд хүрсэн байна. Хорооны албан ёсны группт ч бичигдсэн байна лээ. Хорооны Засаг дарга маргааш ирээч гэж хэлүүлсэн байна. Ийм л юм боллоо. Гурван нялх хүүхдийг эрсдэлээс аварч, хамгаалж чадсандаа л баярлаж байна" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top