өдөр
шөнө
×

Цэнхэр дэлгэцийн Гангар хун

...Хөнгөн жигүүр ургаж гүйцээд

Холын тэртээд  шувууд  одлоо

Онгон насны хосгүй учралаар

Хайрын дээдээр чамдаа даслаа... хэмээх гэгэлгэн санаашрангуй  атал нэг тийм  гэгээн уянгатай  дууны хамтаар  хүмүүсийн зүрх сэтгэлд өнөө хүртэл эгшиглэсээр байгаа  кино бол “Анхны алхам” билээ. Үзэх бүрт  анхны бүхнийг нэхэн сануулна. Сэтгэлийг өдөөж хөглөнө. Зүрхээ нэгжинэ.

Бүтээсэн дүрээрээ хүмүүний  сэтгэлийг ингэтэл догдлуулж, насан турш  хайрлуулна гэдэг  жүжигчний уран чадварынх  биз ээ. Энэ киноны  Мядагийн дүрийг  тэр  үеийн  Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийн II курсын оюутан Б.Цэцэгбалжид бүтээжээ. Мядаг бол  Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан, амьдралын босгоор дөнгөж  алхаж буй 20-хон настай гэнэн томоогүй  бүсгүй. Гэсэн хэдий ч түүнээс сургуулиар олж авсан онолын мэдлэгээ туршлагаар бататгах гэсэн зүтгэл,   ажилдаа эзэн болж   ихийг бүтээх  гэсэн  чин хүсэл мэдрэгддэг. Залуу бүсгүй Мядаг хувь хүн талаасаа бага зэрэг зөрүүд огцом зантай, гэвч  тэр нь    зорьсондоо хүрэх гэсэн зориг эрмэлзлэлийг нь улам  тодруулан  тодотгосон байдаг. Дүрээ ингэж нарийн мэдэрч, зан аашийг нь хүртэл нэгд нэгэнгүй гаргаснаас   жүжигчний   нарийн мэдрэмж, дүрээ судалсан байдал, бас  хөдөлмөрч нэгэн байсан нь харагдана.

Киног ямар ч насны хүн, хэн ч  үзсэн өөрийн  “Анхны алхам”-ыг   эргэцүүлж, өөрөөсөө өчнөөн зүйлийг  асуумаар санагдана. Тэр тэгж бодогдуулахаар тоглож чадсан. Чухам энэ нь л тухайн кино, жүжигчний хүмүүст хүргэх гэсэн санаа, агуулгынх нь   амин сүнс  юм.  Харин хөдөөгийн даруухан  бор хүү Болд хотоос дадлагаар ирсэн оюутан охинд сэтгэл алдарсан ч ичиж   гэрэвшсээр  илчилж чадалгүй  үлдчихдэг. Түүнд өгөхөөр хусны үндсээр  сийлсэн хунгаа буцаагаад өвөртөлчихнө. Жигүүр дэлгэж амжилгүй зүрхэнд үлдсэн  анхны хайр, эзнийхээ өвөрт үлдсэн хун хоёр уянгын гоё зураглал, киноны оргил хэсэг юм. 

Мядаг бүсгүйн ажил, амьдралын анхны гарааг харуулсан  энэ кино  уран бүтээлчдийн  ч анхны бүтээл байв. Кино зохиолч  Ч.Гомбо, найруулагч Г.Жигжидсүрэн, оператор Л.Шаравдорж, жүжигчин Б.Цэцэгбалжид,  Чойн Хүрэл нарын “Анхны алхам” ийм. Энэ бүхнийг бэлгэдэн Г.Жигжидсүрэн найруулагч  киногоо “Өвөлжих хун” нэртэй байсныг  дэлгэцэнд гаргахдаа   “Анхны алхам” хэмээн өөрчилсөн гэдэг. Кино өөрөө үзэл бодол, гүн ухаан, гоо зүй, соёл, амьдралын хэв маяг гээд олон зүйлийг шингээсэн өвөрмөц “жор”-той. Тэр нь хүмүүсийн сэтгэлзүйн олон талыг энгийн атлаа маш нарийн нээж харуулсан байдаг. Магадгүй  хэд ч үзсэн, хэзээ ч үзсэн  уйддаггүй, дахиад ч үзмээр санагдтал  соронз шиг татах энэ киноны  увидас  нь тэр  байж мэдэх юм.  

Гол дүрийг бүтээсэн Б.Цэцэгбалжид, Чойн Хүрэл нар УБДС-ийн Кино драмын нэг ангийнхан. Г.Жигжидсүрэн найруулагч киногоо хийхээр дүрийн сонголт хийж явахдаа гудамжинд бужигнан хөгжилдөж   явсан оюутнууд дотроос  тэднийг анх олж   хараад   “Мядаг, Болд хоёр маань хамт явж байдаг байна шүү” хэмээснээр олж авсан гэдэг.

“Анхны алхам” кино 1970 онд Ташкент хотноо болсон Ази-Африкийн орнуудын Олон улсын киноны Анхдугаар наадмын тусгай шагнал, ЗХУ-ын үйлдвэрчний байгууллагуудын тусгай шагнал, цом хүртэж, Г.Жигжидсүрэн найруулагч зөвлөлтийн Энхтайвны хорооны хүндэт дипломоор шагнагдсан юм. Харин Б.Цэцэгбалжид жүжигчний хувьд  үзэгч олны  нүдний чимэг, сэтгэлийн  соронзон, “Цэнхэр дэлгэцийн Гангар хун”  болж   мөнхрөх   азын од нь магадгүй  “Анхны алхам”-аар гийсэн байж мэдэх юм. Анхны дүрээр шууд  хүмүүсийн сэтгэлд тод мөр үлдээнэ гэдэг амаргүй. Гэвч   тэр Монголын кино урлагт ийм нэгэн уран бүтээлч ирж байна шүү  гэдгийг зарлан тунхаглаж  чадсан. Г.Жигжидсүрэн найруулагч түүнийг  “Бурханаас заяасан бялхсан авьяастай, хүний үгийг анхааралтай сонсч, алдаагаа ухамсарладаг,  дүрээ бүтээх гэж чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг байлаа” хэмээн дурссан нь бий.

Ард түмэндээ  “Монголын сайхан бүсгүй”  хэмээн өргөмжлөгдсөн тайз, дэлгэцийн гоо бүсгүйчүүдийн нэг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Банзрагчийн Цэцэгбалжид амьд сэрүүн байсан бол энэ онд 70 насны босгоор алхах байлаа. Тэр 1950 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. 1957-1967 онд 10 жилийн сургууль, 1967-1971 онд Б.Тунгалаг, Ш.Цэцэгээ, Ш.Дэлгэржаргал, Б.Даваасүрэн, Ё.Гантөмөр, Чойн Хүрэл нарын хамт УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Тэдний ангиас  дөрвөн хүн  УДЭТ-т хуваарилагдсаны нэг нь Б.Цэцэгбалжид байсан бөгөөд тэрээр   насан эцэс болтлоо монгол түмний соён гэгээрэхүйн гэгээн өргөө, тэрхүү эрхэмсэг  “Ягаан байшин”-д  ажиллаж, амьдарсан юм. Оюутны ширээнээс их урлагт зүтгэсэн  он жилүүдэд тэрээр  дэлгэцийн бүтээлд  1973 онд “Тунгалаг Тамир” киноны Сүрэн, 1977 онд “Хөх ногооны униар” кинонд Пүрэвээ, 1978 онд “Тэнгэрийн муухай арилдаг” киноны Норжмаа,1980 онд “Санаж яваарай” киноны  Цэрмаа, “Өнөр бүл” киноны Алимаагийн дүрийг бүтээжээ. Олон кинонд тоглоогүй ч түүнийг Монголын кино урлагийн түүхэнд хоромхон зуур гэрэлтээд харвачихсан од гэж урлаг судлаачид, мэргэжил нэгт нөхөд нь үнэлж, үзэгчид батлан  хэлдэг.  Үнэхээр түүний дөлгөөн харц, намуун зөөлөн дуу хоолой, дүрээ амьдруулж чаддаг алтан мэдрэмж нь   өнгө ижилгүй ширхэг цагаан сувд мэт үеийн үед үгүйлэгдэн нэхэгдэж байдаг нь түүний гайхалтай уран бүтээлч байсныг илтгэн харуулсаар байна.

УДЭТ-т тасралтгүй 29 жил ажиллахдаа тэрээр дэлхийн сонгодог болон өөрийн орны нэрт зохиолчдын бүтээлээр найруулсан олон жүжигт дүр бүтээжээ. У.Шекспирийн “Отелло” жүжгийн Бянька, К.Гольдони “Хоёр эзний нэг зарц” жүжгийн Клариче, “Буудлын авхай” жүжгийн Мирандолина, 1981 онд Д.Нацагдоржийн “Их авхай” жүжгийг Д.Намдаг  шинэчлэн бичсэнийг С.Галсанжавын найруулгаар УДЭТ-ынхан тайзнаа тавихад эгэл жирийн монгол охин  Оюунчимэгийн дүрд, 1982 онд “Унаган хайр” жүжгийн Навчаа,  1998 онд “Үнсгэлжин”-гийн хатны дүрд тоглосон гээд тоолбол барагдашгүй. Харин түүний тухай мэдээлэл, хэвлэлд өгсөн ярилцлага, нэвтрүүлэг гээд хайгаад үзэхэд  тун хомс юм. Монголын ард түмний хайртай жүжигчин, тайз, дэлгэцийн гэрэлт од байсан ч  даруу байж, эгэл  амьдарч, уран бүтээлээс бусад  цагаа гэр бүл, үр хүүхдүүддээ зориулж явсан юм болов уу.

Түүний мэндэлсний 70 насны ой, гэгээн дурсгалыг хүндэтгэж УДЭТ-аас гэр бүл, үр хүүхдүүд, түүнийг одоо ч  хайрлан дурсаж үзэгч олонд  мэндчилгээ дэвшүүлэхдээ “...Тэр театргүйгээр өөрийгөө төсөөлж байгаагүй. Тиймдээ ч  ардчилал, зах зээлд шилжсэн 1990-ээд оны хүндхэн жилүүдэд зарим уран бүтээлч театраасаа гарч ганзгын наймаанд явж байхад  ч хоёргүй сэтгэлээр театртаа зүтгэж, галыг нь манаж улмаар залуу уран бүтээлчдэд хүлээлгэн өгсөн гавьяатай”-г  онцлон тэмдэглэжээ.

Тэрээр урлагийн олон сайхан эрхмүүдтэй ойр дотно нөхөрлөж байсны дотор Монгол Улсын гавьяат жүжигчин П.Цэрэнпагма, О.Норолхоо, Ш.Цэцэгээ, Ц.Цолмон, Б.Тунгалаг  нартай  ойр явжээ. Мөн Ж.Оюундарьтай эгч, дүүс шиг   ажилдаа хамт  ирж, очдог байж.  Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь түүний тухай “Б.Цэцэгбалжид эгч  сайхан бүжиглэдэг, хурдан гүйдэг, юм оёж нэхэхдээ гаргууд сайн байсныг,  хүнтэй муудаж байхыг огт хараагүй”  хэмээн дурссан. Хамт ажиллахад түшигтэй, бүтээлч сэтгэлгээтэй, өөрт оногдсон  дүрийг тултал бүтээдэг.  Тэр нь  хамт тоглож буй жүжигчдийн дүрийг тодруулж товойлгон гаргахад ихээхэн дэм, нөлөө үзүүлдэг байсныг олон жүжигчин хэлдэг. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав 1980 онд “Их авхай” жүжгийн Норжин хатны дүрийг хэрхэн бүтээсэн талаар дурсахдаа “Ажиллахад урамтай, асар баян намтар түүхтэй, тоглоход амттай энэ дүрээр би тэр жил “Шилдэг эмэтгэй дүр”-ийн шагнал авч билээ. Норжин хатны дүр сайн болж гэж үнэлэгдсэн нь чухамдаа хамтран тоглогчдын минь ач тус. Жүжгийн гол дүр Оюунчимэг хэмээх эгэл даруу хэрнээ бусдын эрхшээлд орохгүй гэсэн зоримог зантай, үзэсгэлэнтэй монгол охины дүрийг жүжигчин Б.Цэцэгбалжид чадварлаг бүтээсэн билээ. Сургуулилт тараад шатаар өгсөж явахдаа бид бие биедээ урмын үг хэлдэгсэн. Тэр бусдаас дүрийнхээ талаар их асуудаг, тэр хэрээр хэлсэн ярьсан зүйлийг тунгаан бодож, дүрдээ шигтгээ болгон тоглодог жүжигчин байсан” хэмээн ярьсан нь “Театр-75” номд тэмдэглэгджээ.

 Архангайнх, УБДС- ийн нэг анги, УДЭТ-т хамтдаа хөтлөлцөн  орсон хэмээн олон зүйлээр ижилсэж, ихэр юм шиг нөхөрлөж явсан дотны найз,  Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Тунгалаг нь  “Манай Цэцэгбалжид   театрын чимэг болсон сайхан бүсгүйчүүдийн нэг байж билээ. Ямар нэг юмны учрыг олж байж дуугарна. Хүнтэй маргалдаж байсныг нь ер үзээгүй. Муудалцах гэвэл “Яршиг л байна” гээд яваад өгдөг байсан. Бид хоёрын театрт ороод хийсэн хамгийн эхний ажил  зэрлэг зулгаах байсан. Бид хоёр ромбоо зүүчихсэн, зэрлэг зулгаахаасаа жаахан ичээд хүн харагдахаар нуугдчихдаг сан. Алтан үеийн мундаг жүжигчдийн дунд орж ажилласан, тэднийг ажилдаа ирэхэд бид хоёр овоолоод орхисон зэрлэг өвсний араар ороод нуугдчихна. Тэгж тэгж тоглосон дүр нь олны хэсэгт цэрэг хувцас өмсөөд тайзны араар явж өнгөрнө. Түүндээ маш их баярлаад  гол дүрийн жүжигчин шиг эрт ирж нүүрээ будаад цэрэг бакалиа өмсөөд зогсчихдог байж билээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа  дурсчээ.

Б.Цэцэгбалжид  халамжтай хань, тулгын чулуу шиг гурван сайхан хүүгийн ачлалт  ээж байлаа. Том хүү Т.Мэндбаяр нь 2005 онд “Өнөөдрийн Монгол” сонинд өгсөн ярилцлагадаа  “Ээж минь уяхан зөөлөн сэтгэлтэй. Уянгын зохиол уншаад уйлчихсан суудагсан. Хэн нэгнийг элдвээр муулж, ам зөрж байхыг  хараагүй. Аав, ээж хоёр ам зөрж, үг хаялцаж  байсан удаагүй. Манайх тайван дулаахан айл байсан. Ээж минь хоол хийж, юм угааж,  оёж шидэж  суухад гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр,  гэрээс гармааргүй байгаад л баймаар санагддагсан. Ээжийг шинэ жүжигт тоглох болгонд  аав минь биднийг дагуулан цэцэг бариад театрт очдог байлаа. Гэртээ ширээ засч ээжид зориулан хүлээн авалт хийж бужигнана. Өөрөө эцэг эхээс наймуулаа, айлын ууган  охин болоод ч тэр үү, хүнд ямар нэгэн юмыг тайлбарлаж хэлэхдээ их гаргууд, аливаа зүйлийн арга эвийг олдог, хүнтэй зөөлөн тун эвчхэн  харилцдаг байлаа. Юмханаар юм хийх увидастай, зах зээлийн хүнд жилүүдэд  ноосон утас аваад ажлынхаа цаг заваар  бидэнд цамц, малгай, бээлий нэхээд өгчихдөг байлаа. Бид гурвыг гэрийн ажилд сайн сургасан. Огт аашлахгүй, ончтой цөөн үг  хэлнэ.  “Айлын  өнгө үүднээс гэдэг юм, миний хүүхдүүд гишгүүрээ норгоод тавьчих” гэх юм уу, “Гэрийн  ариун цэвэр 00-ийн өрнөөс гэдэг юм шүү, миний хүүхдүүд угаалгын өрөөгөө цэвэрлээрэй” гэдэг байлаа” хэмээн ээжийнхээ тухай дурссан байдаг. 

Монголын ард түмний хайртай жүжигчин  дөнгөж 49-хөн насандаа тэнгэрийн орныг зорьжээ.  Өвчин хууч хэлдэггүй  атал 2000 онд  урлагийн бригадаар хөдөө  явж ирэхдээ ханиад хүрч, түүнээсээ  хамрын үрэвсэлт өвчин үүсээд гэнэт өнгөрчихсөн гэдэг.

Гурван  хүү төрүүлж өсгөсөн  Монголын нэгэн  сайхан  ээж түүний сүүлчийн хүсэл нь  тайз, дэлгэцийн бүтээлд  ээжийн дүр бүтээхийг мөрөөддөг байсныг мэргэжил нэгт нөхөд нь хэлдэг. Мөрөөдлөө  тэврээд  орчлонгоос харвасан ч гэлээ түүний бүтээсэн дүр болгон  эерэг, тэдгээрээс  сайхан монгол эмэгтэй, сайн ээжийг харж болно. Мөн  “Хүүхэд, залуучуудын  нэвтэрхий толь-I” боть,  “Монголын хүүхдүүд-гэрэл зургийн  ертөнц”   уралдааны архивт үлдсэн  бүтээлд түүний  хүүхэд тэвэрсэн  ховор сайхан гэрэл  зураг үлджээ.

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Maaya (103.26.194.246)
    mash saikhan
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (211.36.142.11)
    Сайхан монгол бүсгүйн дүрийг сайн бүтээдэг гайхалтай жүжигчин шүү..
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
Top