өдөр
шөнө
×

Б.Ундармаагийн 2 жил хоригдох ялыг хүчингүй болгож, 40 сая төгрөгөөр торгохоор болжээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өчигдөр (2020.10.22) шүүгдэгч Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ундармаа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ...” гэж заасан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Батбаярын Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top