Х.Баттулгын Монгол хүн бүрийн өрийг нэг удаа тэглэнэ гэсэн амлалт утаа мэт замхрав
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Хүчирхэг Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн амлалт өгч сонгуульд ялалт байгуулж байв.
Ингэхдээ тэрээр “Оффшор бүсээс 17 тэрбум ам.долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно. Монгол Улсын нийт иргэдийн 5 их наяд 845 тэрбум төгрөгийн өрийг тэглэж, Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай шийдвэрийг гаргана” гэх мэт албан бус амлалтуудыг давхар өгсөн нь түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход чухал дэмжлэг үзүүлсэн талаар судлаачид онцолсон байдаг юм байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс оффшорчдод боломж олгосон 49 хоногийн хугацаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, НИК-ын Ч.Давааням нар оффшор бүсээс мөнгөө татаж оруулж ирснийг эс тооцвол Х.Баттулгын амлаж байсан шиг олон арван тэрбум ам.доллар Монгол Улсад орж ирсэнгүй.
Гадаадын хөрөнгө оруулалттай Салхитын мөнгөний ордыг төр эзэмшилдээ авах замаар тэтгэврийн зээлтэй цөөхөн хэдэн хөгшдийн өрийг тэглэснийг эс тооцвол Х.Баттулгын Монгол хүн бүрийн өрийг нэг удаа тэглэнэ гэсэн амлалт ч бас утаа мэт замхарчээ.
Тэрээр ядаж өөрийн дэвшүүлсэн “Хүчирхэг Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн талаар гурван жил өнгөрөхөд ард иргэддээ нэг ч удаа тайлагнасангүй.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн төсвийн ихэнх мөнгийг одон медаль хэвлэж тараахад зарцуулжээ
Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнгөрсөн хугацаанд энэ мэтээр юу ч хийгээгүй гэвэл хилсдүүлсэн хэрэг болох биз. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй үгсэж хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн шийдвэрээр хүссэн үедээ чөлөөлж, томилж болдог хууль батлуулснаар алдарт “Шударга бусын хонгил” гэгчийн эзэн болсон гэлцдэг юм билээ. Энэ бол яах аргагүй түүний гол амжилтуудынх нь нэг.
Мөн тэрээр Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан “Ерөнхийлөгч Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах эрхтэй” гэсэн эрх үүргээ онц сайн биелүүлж, төрийн одон медалиар мянга, мянган иргэдийг шагнаж урамшуулах чиглэлд томоохон амжилт үзүүлжээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны эхний есөн сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвөөс дараах мөнгөн зардлыг төрийн одон медаль хэвлүүлж, хүмүүсийг шагнаж урамшуулахад зарцуулсан байна:
-2020 оны нэгдүгээр сард төрийн одон медаль хэвлүүлэхэд 42 сая төгрөг;
-2020 оны хоёрдугаар сард төрийн одон медаль, хавтасны үнэмлэх хэвлүүлэхэд 222.7 сая төгрөг;
-2020 оны гуравдугаар сард төрийн одон медаль, хавтасны үнэмлэх хэвлүүлэхэд 85.5 сая төгрөг;
-2020 оны дөрөвдүгээр сард төрийн одон медаль, одон медалийн хайрцаг хэвлүүлэхэд 219.4 сая төгрөг;
-2020 оны тавдугаар сард Алдарт эхийн одон, үнэмлэхний хавтас хэвлүүлэхэд 183.5 сая төгрөг;
-2020 оны зургадугаар сард төрийн одон медаль, одон медалийн хайрцагны үнэд 77.8 сая төгрөг;
-2020 оны есдүгээр сард Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль, 30 жилийн ойн медалийн хавтас хэвлүүлэхэд 209,2 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвөөс тус тус гаргажээ.
Эндээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн 2020 оны эхний есөн сарын байдлаар 1 тэрбум гаруй төгрөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвөөс гаргаж одон медаль хэвлэж тараахад зарцуулсан болох нь илэрхий байна.
УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг шуудай, шуудайгаар нь одон медаль тарааж байна хэмээн шүүмжилж байсан удаатай. Тэгвэл тэдний шүүмжлэл үнэний ортой болж таарлаа. Х.Баттулгын хувьд төсвийн мөнгийг хэмнэхийг гишүүдээс хамгийн ихээр шаарддаг нэгэн. Гэтэл өөрт нь оногдсон төсвийнхөө ихэнхийг ийнхүү одон медаль хэвлэж тараахад зарцуулсан нь короновируст цар тахлын хямралын үед гаргасан ямар ч үр ашиггүй зардал гэлтэй.
Энэ бүхний эцэст Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш ийнхүү төсвийн мөнгөөр одон медаль хэвлүүлж тарааснаас өөрөөр улс орны хөгжилд бодитой хувь нэмэр болохуйц олигтой зүйл хийж гийгүүлээгүй байна гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй болов уу.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (28)