Европын холбоо, Иргэдийн цахим оролцоо ТББ хамтран Монголын үзэгчдэд киног тэгш хүртээмжтэй хүргэх, хүүхэд залуучуудын кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Европын кино наадам”-ыг 2024 оны тавдугаар сарын 17-ноос 20-ны хооронд Тэнгис кино театрт зохион байгуулах гэж байна.
Кино наадмын хүрээнд Эстони, Герман, Люксембург, Белги, Итали, Польш, Чех, Грек, Унгар, Латви, Австри зэрэг 11 улсын Каннын кино наадам, Сандэнс, Берлин, Сан Себастьяны кино наадмуудад шалгарсан найман баримтат болон уран сайхны кино, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг хөндсөн 11 богино хэмжээний кино бүтээлийг 4 өдрийн турш Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулах гэж байна.
Кино наадмын хүрээнд үзүүлэх 19 киноны тасалбарыг Тэнгис кино театрын билетийн касс болон 7605-3131 утсаар холбогдож үнэ төлбөргүй аваарай.
ЭХ ХЭЛНИЙ ЭЦСИЙН НАЙДВАР
Эстони гаралтай Индрек Парк гэх хэл шинжлэлч уугуул америкчуудын хэлийг арав гаруй жил судалж байгаа юм. Энэхүү кинонд тэрбээр Хойд Дакотагагийн хээр тал, Миссури голын саваар нутаглах Мандан овгийн хэлийг бичиж авч буй тухай гардаг. Хариуцлага ихээр шаардсан ажилд нь цаг хугацаа давчуу тул Мандан хэлээр ярьдаг сүүлчийн хүн, 84 настай Эдвин Бенсонийг хэлний хөтөчөөр ажиллуулна. Анх ирээдүй хойч үеийнхэнд Мандан хэлний бичлэгийг үлдээх зорилготой эхэлсэн энэхүү ажил нь сүүл рүүгээ Мандан хэлийг сэргээж, уугуулчуудын хэрэглээнд нэвтрүүлэх тэмүүлэл болон хувирав. Түүхэн хэлний төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цөөн хэдэн хүчин зүйл саад хийнэ. Омгийнхон зардал ихтэй төслийг хангалттай санхүүжүүлэх авч омгийнхны амьжиргаа залгуулдаг гол арилжаа болсон нефтийн үнэ унасны улмаас хөрөнгө мөнгө гаргах боломжгүйд хүрэв. Хамгийн том хүчин зүйл нь Индрек өөрөө. Хилийн чанадад амьдрахаасаа залхсан тэрбээр Эстони руугаа буцаж, гэр бүлтэй болохыг боддог болжээ. Тэр уугуулчуудын хэлийг аврах хүнд сорилттой ажил, хувийн амьдралаа зохиох хүсэлдээ амжилт олж чадах болов уу?
Найруулагч: Лийво Ниглас
Жанр: Баримтат
Улс: Эстони
УЛЬЯ ФАНК ДААЛГАВАР (2021)
Германы нэгэн тосгонд амьдардаг айлын хамгийн бага нь болох 12 настай Улья охин шинжлэх ухаанд хорхойссон ухаалаг хүүхэд бөгөөд дэлхийг чиглэн ирж яваа солирыг олж нээн тусах цэгийг нь Беларус хэмээн тодорхойлжээ.
Хэт шүтлэгтэй эмээ Ольга нь охины мэдлэгт тэмүүлсэн эрмэзлэлийг тэвчиж чаддаггүй бөгөөд нэг өдөр ширүүхэн маргалдсаны дараа Ульяагийн амьдралаас бүх шинжлэх ухааныг хорьсноор Улья цаашид солирыг ажиглаж чадахаа болив. Тиймээс Хенк гэх ангийнхаа хүүг жолоочоор хөлсөлж, хамтдаа Польшийг хөндлөн гулд туулж, солир унахыг үзэхээр тохирчээ. Гэвч Ульяагийн гэрийнхэн болон пастор тэдний араас шил даран хөөж гарав.
Найруулагч: Барбара Кроненберг
Төрөл: Зөгнөлт
Улс: Герман, Люксембург, Польш
ДОДО (2022)
Өдгөөгөөс гурван зууны тэртээ устсан Додо шувуу 38-хан цагийн дотор охиноо баян айлын өв залгамжлагчтай гэрлүүлэхгүй бол дампуурахад хүрсэн нэгэн айлын Афин дахь тансаг сууцанд гарч ирэв. Учир шалтгаан, галзуурлын алинд хүргэхийг шийдэх тэрхүү торгон мөчид үймээн дэгдэнэ.
Найруулагч: Панос Х.Кутрас
Улс: Грек
Жанр: Инээдэм, драм, уянга
ЯЛДАМ (2022)
Эдина хэмээх бодибилдингчин бүсгүй “Miss Olympia”-д түрүүлэх мөрөөдлийнхөө төлөө насан туршийн хамтрагч, дасгалжуулагч Адамын хамт байгаа бүхнээ зориулахад бэлэн аж. Мөрөөдөл хийгээд өөрийн үнэний ялгааг танин мэдэх явцдаа бүсгүй өвөрмөц хайртай учирна.
Найруулагч: Анна Эцтер, Лашло Чужа
Жанр: Баримтат, зөгнөлт
Улс: Унгар, Герман
Шүүгчдийн тэмдэглэл: Жинтэй бүтээл. Киноны үйл явдал өрнөх чиглэл тодорхой, утга санаа ил тод, жүжигчдийн тоглолт гайхамшигтай.
КРАТТ (2021)
Хүүхдүүд эмээгийндээ ухаалаг гар утасгүй үлджээ. Эзнийхээ хэлсэн бүхнийг биелүүлдэг Кратт гэх шидэт нууцлаг амьтныг олох зааврыг олох хүртэл бодит амьдрал уйтгартайяа өнгөрч байв. Ингээд тэдэнд чөтгөрөөс сүнс худалдаж авах ганц л ажил үлджээ.
Найруулагч: Расмус Меривү
Жанр: Инээдэм
Улс: Эстони
АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД (2020)
Антонио бүхий л амьдралаа төрөлх Итали орноосоо хол өнгөрөөжээ. Түүний зам хилийн чанадад хөлөө олохоор зүтгэж яваа Лео хэмээх итали зураачийнхтай огтлолцов. Настай эр, залуу бүсгүй хоёрын хувь тавилан бие, биенийхээ тусгал болох нь тэр. Өнгөрсөн үеийн дурсамж сэдэрч тэднийг илүү амар амгалан ирээдүй угтан авав.
Найруулагч: Донато Ротунно
Жанр: Драм
Улс: Люксембург, Бельги, Герман, Итали
Шүүгчдийн тэмдэглэл: Сэтгэл бүлээсгэм гайхам түүх. Догдлом мөртлөө энгийн өгүүлэлтэй бишрэм кино!
ЛУСЫН ДАГИНАС УЙЛДАГГҮЙ (2022)
Супермаркетийн худалдагч Анника гэх бүсгүй гоо үзэмж төгс, сэлүүр бүхий лусын дагина зүүдэлнэ. Аав нь найз бүсгүйдээ хаягдаж, орон гэргүй болж төрсөн охиныдоо толгой хоргодохоор ирсэн нь түүний хямралт ертөнцөд гэрэл гэгээ авч ирнэ. Дээр нь, цалингаа хуримтлуулах санаатай түүнийг өчүүхэн шалтгаанаар нээнтэглэн халчих гээд байгаа атгаг санаархалтай, бөө мөргөлд хэт автсан салбарын менежер нь зовооно. Гэвч үнэндээ Анникад сэлүүр л хэрэгтэйг хэн ч мэдэхгүй. Гэтэл тэр нь 2,458 еврогийн үнэтэй ажээ.
Найруулагч: Франциска Пфлаум
Жанр: Инээдэм
Улс: Австри
ЭЛДЭГЧ (2021)
Марияагийн сэтгэцийн өвчин нь гэнэт хөдөлж, алга болчихсон найз залуугаа хайн тэвдүүхэн явна. Тэвчээр, хайраар зэвсэглэсэн бүсгүй залуугаа хот даяар байж болох бүхий л газраар хайсаар л. Золиос, бүрэн эрх чөлөөнд хүрсэн ололтын тухай түүхийг энэхүү кинонд өгүүлэх болно.
Найруулагч: Андриус Блазевиций
Жанр: Драм, уянга, триллер
Улс: Литва, БНЧУ
Шүүгчдийн тэмдэглэл: Энгийн санаатай, үр нөлөө сайтай кино. Эхнээс нь дуусах хүртэл гол дүрийн бүсгүй зогсолтгүй гүйх нь таныг байж ядуулна. Гол дүрийн эмэгтэй жүжигчин уран чадварлаг. Үзэгчдийг хөтлөөд л аваад явчихна.
НЭГЭН НАРТАЙ ӨДӨР
Найруулагч: Фаоузи Бенсаиди (2019)
Цаг уурын өөрчлөлтийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг зөгнөлт хэлбэрээр хошигнож харуулсан богино хэмжээний кино юм. Уран зөгнөл, элэглэлийг нэгтгэн цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд орсон дэлхий дээрх хүмүүст тулгарах бэрхшээлт сорилуудыг тодотгон харуулсан байна.
ЮУНД Ч БҮҮ САНАА ЗОВ
Найруулагч: Жекоб Граль (2019)
Цаг уурын өөрчлөлтийг товч бөгөөд тодорхой таниулсан энэхүү богино хэмжээний кинонд бэлгэдэл зүй, үзүүлэхүйн урлагийг хослуулж, хүн төрлөхтөн хүрээлэн буй орчиндоо яаралтай арга хэмжээ авахыг сануулжээ.
ГЕО-ИНЖЕНЕРЧЛЭЛ
Найруулагч: Янник Старк (2020)
Ирээдүй рүү өнгийвөл тэнд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх технологи гарган авсан байх бөгөөд гео инженерчлэлийн ёс зүйн мөн чанар, санаандгүй үр дагаврын талаарх асуудлыг хөндөн дэвшүүлсэн байна.
ӨЛСГӨЛӨН ЦАХЛАЙ
Найруулагч: Леон Ванг (2019)
Хүрээлэн буй орчин өөрчлөгдсөний улмаас идэш тэжээл олохын төлөө тэмцэл өрнүүлж буй нэгэн цахлайн түүхийг өгүүлэх энэхүү богино хэмжээний кино хүрээлэн буй орчны сүйрэл, нөөц баялгийн хомсдолын өр зүсэм бодит байдлыг илэрхийлжээ.
НЭГ АМЬСГААГААР
Найруулагч: Алиреза Хашемпур (2016)
Тамхины ишийг хөдөлгөөнд оруулах бүтээлч санааг ашигласан энэхүү богино хэмжээний кино нь хог хаягдал, түүний хүрээлэн буй орчинд үзүүлэх хөнөөлт уршгийг хөнджээ.
ОЛМО
Найруулагч: Сильвио Солдини (2019)
Өвөө, ач хүү хоёроор үе хоорондын харилцааг харуулсан энэхүү богино хэмжээний кино нь цаг уурын өөрчлөлтийн асуудлыг яаралтай хөндөж, байгаль дэлхийг ирээдүй хойчдоо өвлүүлэхийн чухлыг онцолжээ.
КҮРҮТИ
Найруулагч: Шахрбаноо Садат (2019)
Афганистаны хөдөө нутагт өрнөх энэхүү богино хэмжээний кино нь цаг уурын өөрчлөлт уламжлалт аж байдал, хүнсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийг тусгаж, хүний нийгэм хийгээд хүрээлэн буй орчны уялдаа холбоог тодотгожээ.
ӨТГӨН ОЙ
Найруулагч: Бурку Санкур, Жеоффри Годет (2014)
Жак Превертийн шүлгээс сэдэвчилсэн энэхүү богино хэмжээний кино нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй ой устах, хүрээлэн буй орчны доройтол зэргийг яруу сайханлаг байдлаар харуулжээ.
ТЕРМОСТАТ 6
Найруулагч: Маяа Ав-рон, Милени Коминотти, Марион Кудерт, Сикстин Дано (2018)
Дээврээс дусах дусаалаар үзүүлхүйн зүйрлэлийг ашигласан энэ богино хэмжээний кино нь цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийн эсрэг яаралтай арга хэмжээ авч цаашид ирэх хохирлоос сэрэмжлэхийг уриалжээ.
ТУА ИНГҮГҮ
Найруулагч: Даньела Томас (2019)
Нутгийн уугуул иргэд, усны нөөцийн харилцаанд төвлөрсөн энэхүү богино хэмжээний кино нь хүн, байгалийн харилцан хамаарлыг онцолж, экосистемийг хамгаалж, тогтвортой ирээдүйг бэхжүүлэхийн төлөөх хамтын хүчин зүтгэлийн чухлыг тодотгосон байна.
МАХБОД
НАЙРУУЛАГЧ: Камила Катер (2019)
Амьдралын янз бүрийн үе дээрээ яваа таван эмэгтэй бие галбирынхаа талаар, хүмүүст хэрхэн харагддаг талаар ярьж буйг Камила Катер энэхүү миксед-медиа хэлбэрийн хүүхэлдэйн баримтат киногоороо харуулжээ.
Сэтгэгдэл (1)