өдөр
шөнө
×

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшинэ

Монгол Улсын Засгийн газрын 2020оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс - Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Тухайлбал,

1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлын  санхүүжилтэд нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилгоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргалаа. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшинэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтэн байгуулалтад “Эрдэнэс-тавантолгой” ХК одоогоор 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Энэхүү  хөрөнгө оруулалт ийнхүү хамтарсан компанийн 66 хувиар баталгаажиж байна.

2. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх,  дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргуугийн нэгдсэн төлөвлөлтийг баталлаа. Энэхүү Гадаргуугийн нэгдсэн төлөвлөлтөд ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянган га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж, нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс ачилтын нэгдсэн төв зэрэг багтаж  байгаа бөгөөд төлөвлөлт батлагдсанаар эдгээр төслүүдийн уялдаа холбоо сайжирч эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм.

3. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олголоо. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Цаашид Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордоос экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top