өдөр
шөнө
×

Монгол хүн мөн л юм бол "Монгол"-ыг заавал үзэгтүн!

Үрээх ба үлдээхийн хязгаарыг ухаарагтун!

Хүнийх болсон түүнийгээ өөрийн мэт ширтэн зогсох энэ эрийг Монгол гэнэ. Өрөөлийн өврийг дулаацуулж яваа хэрнээ өр зүрхний хайртынхаа ганц хүүг төрүүлээд, газар ч даамгүй тэвчээр үүрч яваа энэ бүсгүйг Сэрчмаа гэнэ. Харцын хүү, ноёны охин...

Энэ киноноос хайр, урвалт, хагацал гуниг, хүсэл шунал, өр зээл, ноёд ба ард, эцэг ба хүү, эрх чөлөө ба чөдөр тушаа, эгэл даруу ба эрхшээх аргагүй эрэмгий гэгээн чанар...бүгдийг үзэж, бүр зэрэгцэн догдолж болно. Хамгийн үнэт чанар нь "Монгол" кино алдагдсаар буй монгол үзэл санааг сэтгэл зүрхэнд сийлээд, сийчээд үлдээж байгаагаараа "хэзээ ч бөхөшгүй итгэл найдвар" байлаа. Энэ киноны зураг авалт, өнгө, тавилт ойрдоо монгол киноны дэлгэцнээс хараагүй дэвшилттэй, дүрийн сонголт бол төгс, жүжигчдийн харц бүр, хором бүр, агшин бүр үнэн байлаа. Хөгжим бол киноны нэг өгүүлэгдэхүүн, хэллэг байж чаджээ.

Ганц өө бий, кино хэт урт, тэр нь зохиол дээрээ ялимгүй төөрөлдсөнийх гэдэг нь уншигдана. Нөгөө талаар Монгол хэмээх үзэл санаа, зураг авалтын давтагдашгүй агшнууд, хасаад хаяхад хэтэрхий хайран дүрслэл, хэллэгүүддээ найруулагч, зохиолчид өөрсдөө хэт дурлан автсаны улмаас урт нуршуу болдог талтай. Энэ тохиолдолд зайлшгүй сонголт хийх шаардлага тулгардаг. Гучин минут юм уу, гучин хуудас хайр найргүй танаж хаяад аль болох олон үзэгч, уншигчид хүргэх үү, урт хэвээр нь зүтгүүлээд азаа үзэх үү? Балжиннямын Амарсайхан сүүлийнхийг нь сонгожээ. Угаас тэр аз, эз үзэж явдаг агсам бардам залуу. Асч дүрэлзсэн сэтгэл, шандас сууж хатуужсан ухаан, уран бүтээлчийн хувьд ир ханаж, билүү халсан үедээ "Монгол" киногоо олонд хүргэж байна. Үйл явдлын хувирал болгонд үзэл санаа шингээх гэж хичээсэн нь, дүр болгоноо хүнийх нь хувьд авч үлдэх гэж зүтгэсэн нь ёстой л нугаршгүй итгэл байлаа. Монгол ноёдын ханашгүй шунал, монгол эр хүний гундашгүй зориг, монгол эцгийн гуйвашгүй ухаан, монгол бүсгүйн гунигт тавилан...энэ бүхэн "Монгол" кинонд бий.

Манжийн 300 жилийн дарлалыг туулсан монгол итгэл үнэмшил бас энэ кинонд бий. Монгол эрчүүдийнхээ эрх чөлөө, амь нас, хувь тавилан, үр удмыг золиос болгон төлж байж туулсан түүхийн нугачаа энэ кинонд бий.

Үзээд сууж байхад заримдаа "Хүүе энэ Амарсайхан чинь ийм дуусашгүй мөрөөдөлтэй, ийм төгсөшгүй фантастик хүн юм уу" гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө...гэвч тэрхүү найруулагч, жүжигчний бүх хүсэл шуналыг шингээсэн Монгол хэмээх гол дүр нь өөрөө монгол үзэл санаа юм болохоор шүүх хүсэл алга. Угаас Монголыг шүүхийн тулд Монголын зовлонгоор амьсгал!

Балжиннямын Амарсайханд жүжигчнийхээ хувьд өөртөө төлөвшүүлсэн маш том шинж чанар, давуу тал байдаг. Тэр нь Амарсайхан байгаа л бол түүнтэй хамт тоглож буй хэн ч байсан чирэгдэж, зүүгдэж, суралцаж байгаад ч болов дүрдээ бүрэн ордог, өөрөөр хэлбэл жүжиглэх ур чадвараараа багаа, киногоо, хамтран зүтгэгчдээ авч гардаг хаяа, хаялга юм. Энэ удаа ч бас Амарсайхан бүрэн утгаараа Монгол байж чадлаа. Жүжигчин хүн ийм л байх ёстой, бүрэн бэлтгэлтэй, бүтэн дүртэй. Гар буутай харьцаж чадахгүй байж тулаантай кинонд будилаад туугаад орчихдог, махлаг бүдүүн байтлаа өлссөндөө бослого хийж байгаа цэргийн дүрд тоглоод янцаглаад эхэлдэг, нүүрний арьс нь дэлгэц дүүрэн хуурайшаад арзайгаад байхад дурлалт ханхүүгийн дүрд гүйгээд байдаг жүжигчид Амарсайханы бүтээсэн дүрүүдийг түүгээд үз, түүнээс суралц.

Төгсгөлд нь ганц үг дайхад, Амарсайхаан, хайртай бүсгүйгээ алуулж, үр хүүхдээ төөрөлдүүлж, аавыгаа үгүйрүүлэн үхүүлж, анд нөхдөө булшлуулсан Монгол дайсныхаа гарт, урвагчийнхаа суманд амиа алдаад, 20 жилийн дараа магнай дээрээ мэнгэтэй хөвгүүн нь бас л Монголын төлөө, шударга ёсны төлөө тэмцээд, хэний үр гэдгээ ч мэдэхгүй хэрнээ аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, юугаа ч золихоос буцахгүй дүүлж яваагаар кино дууссан бол...гэж өөрийн эрхгүй бодсоор үзвэрийн танхимыг орхив.

Гол дүрдээ хэт шунан дурлах нь заримдаа киноны төгсгөлийг эвддэг, үзэл санааны үргэлжлэлийг бүдгэрүүлдэг. Гэвч, Монгол бол Монгол. Монголчуудын туулсан хагацал зовлонд хязгаар болоод гаргалгаа үгүй, үнэ цэнэ нь өөрөө газар шороо, тусгаар тогтнол минь байсан билээ. Тиймээс энэ киног бүтээсэн хамт олонд гүнээ мэхийе. Монголын тал нутагт олон олон Монгол бий, бүгдэд нь эх оронч сэтгэл, эвдэршгүй итгэл ерөөе. Монгол хүн мөн л юм бол "Монгол"-ыг заавал үзэгтүн, Монголын үзэл санаа, үнэт зүйл, үнэ цэнэ, үрээх ба үлдээхийн хязгаарыг ухаарагтун!

Нийтлэлч Р.Эмүжин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top