өдөр
шөнө
×

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжиж оролцох тогтоол баталлаа

МАХН-ын удирдлагууд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 3-нд МАХН бага чуулганаа зохион байгуулж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.  Бага чуулганаар гаргасан шийдвэрийн талаар болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч,  МАХН-ын дарга  Н.Энхбаяр,  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

МАХН-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР: ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ БОЛОХ ТАЛААР НЭГДЭХ ГЭРЭЭНД ТУСГАСАН

-Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. Харин МАХН, МАН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, ард түмний эв нэгдлийг бодож,  Монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд  МАН-ын нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан.  Энэ гэрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хоёр намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан.  Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү,  эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн сэдэв.  Эцэст нь маш олон талын нөхцөл байдлаас шалтгаалж нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн.   Нэгдэх гэрээнд гарын үсэг зурахдаа хоёр  нам хоёр том зарчмын асуудлыг урьдчилан тохирсон. Нэгдүгээрт, энэ бол дарга нар нь сууж байгаад яриад шийдчих асуудал биш юм.   Тиймээс хоёр намын жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Намын гишүүд энэ уриалгыг дэмжсэн.  Ингээд тус уриалгад үндэслэн гэрээ байгуулсан. Гэрээнд нэгдэн нийлэх үйл явцад ямар том асуудлуудыг оруулахыг хэлэлцсэн. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна.  Ингэж байж төрийн гажуудал арилга гэж үзэж байна.   Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа.  МАН-ын Засгийн газар ялангуяа У.Хүрэлсүх Засгийн газраа толгойлж ажиллаж байхдаа уул уурхайн ордууд цөөн хэдэн хүн эзэмшилд очсон.  Олон нийт хүртэхгүй байна гэсэн байр сууриудыг их тодорхой илэрхийлж байсан.  Энэ асуудлаар идэвхи санаачлага гаргаж ажилласан. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим дээр нэгдсэн.  ОХУ, Швед, Норвеги, Англи, Франц, Канад зэрэг дэлхийн хамгийн хөгжилтэй орнууд өөрийн Үндсэн хуульд ямар улс байгуулах гэж буйгаа Үндсэн хуульдаа бичдэг.   Түүндээ нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс гэж тодотгож өгсөн байдаг.  Нийгмийн чиг баримжаатай улс ямар байдаг вэ гэхээр залуучуудаа боловсролтой болгоё.  Нарийн мэргэжилтэй болгоё, эрүүл мэндийн асуудалд нь анхааръя.  Хөдөлмөрийг шинээр үнэлье гэсэн ойлголтууд энд байгаа юм. Тэгэхээр нийгэмд тулгамдаад байгаа энэ бүх асуудлуудыг хоёр намын нэгдлийн хүрээнд шийдэх зориг гаргасан.  Намын дарга нарт эр зориг, бодлого, хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл байна.  Үүнийг бид олж харж, нэгдэх үйл ажиллагааг эрчимжүүлсэн.  Түүнчлэн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд  нэгдэн оролцож,  МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцож байна.  МАН-ын нэр дэвшигч ялах ёстой.  Энэ ялалтын ард нэг нам, хэсэг бүлэг хүмүүс биш.  Бүхэл бүтэн ард түмэн, улс орон ялах юм шүү. 

Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад "МАН-ын Удирдах зөвлөлд манай намаас найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон. Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд зургаа, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд дөрвөн хүн манай намаас орж ажиллана. Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. Гэхдээ зөвхөн тоо л тохирсон. Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй” гэлээ.

МАХН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ТУЛГА: МАХН-ЫН БҮХ ШАТНЫ ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙГ СОНГУУЛИЙН АЖИЛД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

-МАХН-ын ээлжит 11 дэх Бага чуулган цахимаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Удахгүй Төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль болно. Тэгвэл МАХН-ын Бага чуулганаас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч,  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжиж оролцох  тогтоолыг баталлаа. Түүнчлэн сонгуулийн ажилд МАХН-ын бүх шатны гишүүд дэмжигчдийг идэвхи санаачлагатай оролцохыг уриалсан.  Түүнчлэн бага чуулганаар МАХН-ын ээлжит бус Их чуулганы товыг энэ сарын 16-нд  тогтоож, төлөөлөгчдийн журмыг баталсан. МАХН,  МАН нэгдэн нийлж,  том зорилгын төлөө цаашид явахаар болсон.  Үүнийг намын гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, шийдвэрлэсэн.  Бага чуулганаар мөн нэгдэн нийлэх хамтын ажиллагааг баталгаажууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top