өдөр
шөнө
×

Ц.Нямдорж: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн. Энэ хоёр хүн суллагдах ёстой!

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр энэ талаар, “Намайг албан тушаал авах гэж энэ хэргийг ярьж байна гэдэг. Гэтэл ямар ч улс төрийн сонгуульгүй үед би энэ хэргийг зөндөө ярьсан. 2016 оны гуравдугаар сард тагнуул, прокурорт худлаа шалгаж байна, алдаа гаргах магадлал өндөр байна гэсэн бичиг явуулсан. Энэ бичигтэй хамт Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа гэдэг эмэгтэйн захидлыг хүргүүлсэн. 2016 онд анхан шатны шүүх дээр яг энэ хэргийг хэлэлцэж байх үед би бүлгийн хурал дээр "Хаалттай шүүх хурлаар энэ хэргийг ингээд хаах гэж байна" гээд ярьж байсан юм. Би та нарт тэр хурлын протколыг өгнө. Дараа нь бас хоёр бүлгийн хурал дээр ярьсан. 

Энэ хэрэгт Г.Эрдэнэбат гэдэг хүн дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн ажиллагаа Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын гарын үсэгтэйгээр явагдсан. Хоёрдугаарт, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Гуравдугаарт, улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн. Дөрөвдүгээрт, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг бас хийсэн. Энэ мэтээр бүх зүйлийг Г.Эрдэнэбат өөрөө хийсэн. Хийсэн зүйл нь дандаа хуулиар хорьсон зүйл байдаг. Уг нь энэ бүхнийг нэг хүн биш өөрөөр прокурор хийх ёстой. Энэ ажиллагаанд хуулийн зургаан байгууллага бүгд оролцсон. Захиалагчийн тухайд өлсгөлөн зарлаад байгаа Т.Хүрэлбат талбай дээр нэг үг хэлсэн. "Энэ хэргийн захилагчаар Э.Бат-Үүлийг татаж шалгаад хэргийг нь хаасан" гэж хэлсэн. Мөн хамсаатан нь гэж үзээд Булган, Ганхуяг нарыг барьж хорьсон. 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан нь үнэн ш дээ. Э.Бат-Үүл тухайн үед өөрөө "Намайг хүн амины хэрэгт яллагдагчаар татчихлаа" гээд мэдэгдэл хийж байсан. 

2016 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт шүүхээс ял өгсний дараа ерөнхий прокурор захиалагчийг нь илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Захиалгаар хүн алсан гэж хүмүүсийг шийтгэчихээд захиалагчийг нь хайна гэж юу гэсэн үг юм бэ. Гэхдээ тэр хайх үйл ажиллагаа нь хийгдэж байгаа байх. Хамгийн гол нь энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн. Энэ хоёр хүн суллагдах ёстой. Үүнийг би 2016 оноос хойш үүнийг таван жил ярьж байна. Прокурор эрүүдэн шүүсэн гэдэг асуудлаар эсэргүүцэл бичиж, энэ дагуу Улсын дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой юм. Өөр ямар ч гарц байхгүй. 

Намайг 2017 онд намайг ажлаа авахад энэ хоёр Тахир соёотод хоригдож байсан юм. Тэнд бүх насаараа хоригдох ял авсан хүмүүсийг хорьдог. Гэтэл хууль зөрчөөд тэнд хорьсон байсан. Би өөрөө очиж хоёулантай нь уулзаад жил орчим хөөцөлдөж байж тэр газраас холдуулсан. Дараа нь би төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйсан юм. Надад хэлмэгдүүлсэн гэдэг 100 хувийн итгэл байгаагүй бол уучлалт гуйхгүй ш дээ. Яагаад алдаа гарсан гэхээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүний нэг нь уран зургийн дунд сургууль төгссөн, нэг нь мэргэн буудагч хүн. Г.Эрдэнэбат өөрөө хилийн цэргийн сургууль төгссөн, хэрэг хянах ажил хийж үзээгүй, дарга нар дагаж байж албан тушаалд очсон хүн. Б.Хурц чинь барилгын техниккум төгссөн. Оросууд замбараагүй диплом олгож байхад хоёр жилийн тагнуулын курс төгссөн хүн. Би Б.Хурцад алдаа гарч байна шүү гэж хүний ёсоор зөндөө захиж байсан. "Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ хянаарай" гэж хэлж байсан юм” гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top