өдөр
шөнө
×

С.Энхболд: Бид хамтдаа амар тайван, сайн сайхан цагийг эх орондоо авчрах болно

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр мэндчилгээндээ "Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай нүүр тулж, түүнийг даван туулахаар бүхий л хүч, бололцоогоо дайчлан тэмцсээр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Аюулт өвчний эсрэг тэргүүн эгнээнд өдөр шөнийг ялгалгүй, амралт алжаалыг умартан зүтгэж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархаж, эмч нарын баярын мэндийг хүргэе.

Шинэ Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас ирэх жилүүдэд эмч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажиллах орчныг сайжруулах, гадаад улсуудад мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ачааны хүндийг үүрдэг та бүхнийхээ цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно.

Эрүүл мэндийн салбарын өмнө тулгараад буй цар тахал хэмээх сорилтын өмнө бид барьц алдаагүй, амжилттай даван туулахаар ажиллаж байна. Бидний ажилд алдаатай дутагдалтай зүйл нь байгаа нь үнэн. Би ч гэсэн нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар гарахад эмзэглэдэг энэ салбарын эмч хүн. Гэхдээ бид асуудлуудаа хамтдаа шийдэж, алдаа байвал хамтдаа засаж, хамтдаа ахин дэвшиж, салбарынхаа шинэчлэлийн төлөө тууштай хамтран зүтгэцгээе.

Дэлхийн эмч нарын баярын энэ өдөр өөрийн чин сэтгэлийн халуун мэндийг та бүхэндээ дахин хүргэж, амжилт бүтээл, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид хамтдаа амар тайван, сайн сайхан цагийг эх орондоо авчрах болно" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top